Б.Баясгалан
04 сарын 21, 2020
Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар ямар зохицуулалт хийсэн талаараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Элсэлтийн хувьд: 2019-2020 оны хичээлийн жилийн эхний статистик мэдээгээр 95 их, дээд сургууль, коллежид 148,5 мянган оюутан суралцаж буйгаас төрийн өмчийн 21 сургуульд 82,9 мянган оюутан, хувийн өмчийн 71 сургуульд 66,4 мянган оюутан, гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 190 оюутан тус тус суралцаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоолоо.
Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн XII анги төгсөгч 27983 сурагчдад ЭЕШ-д бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор интернэтэд үнэ төлбөргүй орох дата эрх олгох ажлыг аймаг, дүүргийн БСУГ, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, үүрэн телефоны операторууд үнэгүй дата бүхий дугаарыг олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн" хэмээлээ.
Түүнчлэн энэ жилээс сувилагчийн сургуульд элсэн суралцагч амжилттай суралцвал төлбөрийг нь төрөөс даах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Төгсөлтийн хувьд: Энэ хичээлийн жилд 22,387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17,420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөнө.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн.
Энэхүү заалтад бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана. Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8,460 оюутанд 16,6 тэрбум төгрөг батлагдсан гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилийн эхний улиралд их, дээд сургууль, коллежийн 51 дотуур байранд 11,8 мянган оюутан амьдарч байсан. Одоогийн байдлаар 51 оюутны байранд нийт 412 оюутан амьдарч байна. Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөрт багтаан хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.