Энэтхэгт шалгалтын дүн гарсны дараа 25 оюутан амиа егүүтгэсэн тухай NDTV мэдээлжээ. Тус хэрэг Энэтхэг улсын Теленгана мужид гарсан байна. Шалгалтын дүнг гаргах явцад алдаа гарснаар шалтгалтыг амжилттай давах байсан оюутнууд тэнцээгүй харамсалтай явдал тохиолджээ. Тус шалгалтад оролцсон 1 сая оюутны 300,000 нь шалгалтад тэнцээгүй бөгөөд тэнцээгүй оюутнуудын тоонд өмнөх шалгалтад сайн үзүүлэлттэй байсан оюутнууд ч оржээ.


Цөөн тооны оюутны үнэлгээнд алдаа гарсан гэж албанынхан мэдэгдэж байгаа ч өнгөрсөн жилтэй харьцуулахад дүнгийн ялгаанд огцом өөрчлөлт гарсныг хүлээн зөвшөөрчээ. 

Үнэлгээний шинэ програм хангамжинд алдаа гарснаас гадна албаныхан “хүний алдаа”-г бас буруутгасан тухай Mailonline мэдээлсэн байна. Сургуулийн удирдлага оюутнууд өөрсдийгөө хохироохоос сэрэмжлүүлэн анхааруулсан ба тэр дундаа өөрсдийн үнэлгээнд алдаа гарсан гэж итгэж байгаа оюутнуудыг өөртөө хохирол учруулахгүй байхыг анхааруулжээ.

Оюутнуудын үхэл олны уур бухимдалыг сэрээж, эцэг эхчүүд, сөрөг намын гишүүд Боловсролын сайд Чандрасекар Раог эсэргүүцэн, эсэргүүцлийн жагсаалыг өнгөрсөн даваа гарагт эхлүүлсэн байна. Тэрээр уг явдлын дараа яаралтай мэдэгдэл хийсэн ба оюутнуудыг итгэл найдвараа алдахгүй байхыг уриалжээ.

Тэрээр “Шалгалтад унана гэдэг нь амьдралд ялагдсан гэсэн үг биш. Хэрвээ хэн нэгэн шалгалтад унасан бол амьдралд олон боломжууд байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй” гэжээ. 

Одоогийн байдлаар албаныхан шалгалтын үр дүнг дахин шалгаж байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүддээ санаа зовж, түгшүүртэй байгаа гэнэ.



Эх сурвалж: nextshark.com