Хавтасныхаа баруун доод буланд “ЗАЛУУСЫН ШИЛДЭГ ЗОХИОЛ” гэсэн цохолт бүхий номууд хэвлэгдэн хар массын өдөр тутмын хэрэгцээнд нийлүүлэгдсээр удлаа... Харин тэрхүү социализмын үеийн чанарын тэмдэг гэдэг шиг “ЗАЛУУСЫН ШИЛДЭГ ЗОХИОЛ” гэх өргөмжлөлийг хэн хүртээсэн нь үл мэдэгдэнэ.

Тэрхүү шилдэг зохиолыг туурвигчдын нэгийг Э.Амарзаяа гэнэ. 

Зохиолч хэмээгдэгч Э.Амарзаяа нь “Миний зохион бичлэг” (2010), “Цасан ширхэг” (2011), “Гайхамшигт арал” (2012), “Аминагийн дурлал” (2013), “Миний эзний уушийн газар” (2013), “Номингоогийн хайр” (2013), “Балжингарамын зун” (2014), “Тэмүүлэн” (2018), “Тэмүүлэнгийн нөхөд” (2018).., за тэгээд юу юу ч гэнэ вэ, асар олон зохиол бүтээл туурвисан Г.Сэр-Одын нэрэмжит болоод МЗЭ-ийн шагналт уран бүтээлч юм байна. 

Зохиол бичээд байгаа хүнийг чинь зохиолчдын эвлэлийн шагналаар шагнахаас ч яахав...

Эрээний бараа шиг элдэв чимэгтэй номуудаас нэгийг нээж үзвэл “Аминагийн дурлал” гэх ба уг шилдэг зохиол нь «Тэр Амина хэмээх бүсгүйд хайртай. Хайртай гэдгээ баталсан тохиолдол түүний амьдралд зөндөө гарсан. Цэнгэл хэмээх энэ идэрхэн залуугийн туулж өнгөрүүлсэн амжилтын муруй шулуун болон алдаа онооны хонхор гүдгэр бүхий амьдралын замналд нь элбэг тохиолдож болох нотолгоон дундаас Аминад хэр хайртайг нотлох дурсамж олон бий» (Амарзаяа.Э. “Аминагийн дурлал. УБ. 2013. х7) гэсэн учир нь үл олдох өгүүлбэрээр эхэлнэ. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Нэг хуудас эргүүлмэгц «...Тэр эрхий хурууны өндөгний чинээ том бараан бэхний толбо бол дунд сургууль (шоргоолжны үүр) билээ. Энэ зураг бол социологи болон хүн судлалын ухааны чухал судлагдахуун болно гэдэг нь маргаангүй. Ийм нэг жимээр арван хоёр настай хоёр охин зэрэгцэн явж байсан юм. Тэдний араас мөр даган бас нэг хичээл нь тарсан хүүхдийн бүлэг болох гурван хүү гарч ирэв. Тэр хөвгүүд дундаас нэгэн жаалхүү их л зоримог өөриймсөг байдалтай алхаж байсан нь манай зохиолын гол баатар, үйл явдлын ээдрээ тайлагч хөвгүүн Цэнгэл билээ» (Амарзаяа.Э. “Аминагийн дурлал. УБ. 2013. х8) гэснийг үзвээс  уйлах ихдэх, инээх багадах. 

Зохиол тэр чигтээ “туулж өнгөрүүлсэн амжилт, амжилтын муруй шулуун, алдаа онооны хонхор гүдгэр, тохиолдож болох нотолгоо, социологи болон хүн судлалын ухааны чухал судлагдахуун, хичээл нь тарсан хүүхдийн бүлэг” гэх мэтийн хоёрхон жишээнд тохиож буй шиг элийрэл балайрлаар дүүрэн. Яг л УИХ-ын гишүүн М.Билэгтийн яриа шиг.  

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Э.Амарзаяа хайртай хосуудын анхны учралыг буюу нэг нь эр хүн, нөгөө нь хүүхэн болж буй агшныг дүрсэлжээ. Тэгэхдээ «Цэнгэл үл ялиг зогсохийв. (зогсосхийв гэж буй бололтой. Г.Б) Цэнгэлийн өвдөг цус болчихсон болохоор дотор нь муухай боллоо. Хамаг юм нил цус. Ягаахан цус... ягаахан толботох цус... Хурууны өндөгөө хамартаа хүргэхэд цусны үл мэдэг эхүүн үнэр үнэртэж толботон харагдана. 

-Хараач цус...

-Миний цус... гэж охин түүнд хэллээ.

-... Хөвгүүн гайхсан маягтай мэлэрчээ» (Амарзаяа.Э. “Аминагийн дурлал. УБ. 2013. х36) гэж дүрслэх ба энэхүү мал нядалгааны газрын мэлрээ дүрслэлээ ахиулан «Одоо Цэнгэл Аминагаас холдон явъя гэсэн ч чадахгүй. Хөвгүүн түүнд гүнзгий хайртай. Амина ч гэсэн түүнийг зүрх сэтгэлээсээ явуулахгүй. Учир нь тэд цусаар гагнагдсан болохоор тэр» (Амарзаяа.Э. “Аминагийн дурлал. УБ. 2013. х38-39) гэжээ.

Мөн ч аугаа гагнаас юм даа. Ийм л суутнууд төрж, “ЗАЛУУСЫН ШИЛДЭГ ЗОХИОЛ”-оо хэвлүүлэн Г.Сэр-Одын нэрэмжит болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналаар шагнагдсаар байна. Профессор С.Энхбаярын нэгэн цагт “...энэ бүх элийрэл балайрлын оргил туйл сүлд аялгуу нь...” гэж дуу алдсаныг эрхгүй санагдуулна.

Хар массынхан ичгүүрийг үл мэддэг онцлогтой л доо. Гэтэл массын зохиолч байхад ичгүүргүй байхаас гадна «битүү доргилттой» байх шаардлагатай юм байна. Уг нь “Тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэдэг монгол ардын зүйр үг байдагсан. Дээрх нарийн шалгууруудыг бүрнээ хангасан зохиолч Э.Амарзаяагийн уран бүтээлийн онгод энэ янзаараа үргэлжилбэл түүний өв нь дэлхийн сонгодгуудыг лавтайяа даван гарах нь одоогоор мэдэгдээд байна. Үнэхээр гайхалтай...

Постмодерн философидолтонд уран зохиолыг элит ба массын хэмээн хатуу зүйлчлэхийг үгүйсгэдэг боловч утга зохиолын баримтуудыг шүүн үзвээс ийн ангилахаас өөр аргагүйд хүрэх нь зайлбаргүй билээ. 

Тухайн зохиолчийн сонгодог хийгээд хар массынх болохыг хэдийгээр цаг хугацаа ялгадаг боловч Э.Амарзаяа мэтсийг бол тухайн цаг үед нь ялгах бүрэн боломжтойг түүний уран бүтээл гэгчийн цөөхөн баримт төвөггүй нотолно. Түүнийг нь текстийн хүрээнд нь л авч үзэж буй хэрэг юм. Ер нь цорын ганц бодит байдал бол текст бөгөөд “Ертөнц бол текст” гэж үздэг. Энэ нь Францын философич Ж.Дерридагийн үзэл агаад тэрбээр хүний бүхий л сэтгэлгээ хийгээд сэтгэхүйд тусаж буй хорвоо ертөнц бол эцсийн дүндээ текст гэж үзсэн. Танаас, надаас, чамаас юу үлдэх вэ гэвэл эцсийн дүндээ текст л үлдэнэ. Түүнчлэн М.Хайдеггер “Хэл бол ахуй” гэж, Ф.Достоевский “Хэл бол ард түмэн” гэж, А.Камю “Миний эх орон бол Франц хэл” гэж тус тус тунхагласан буй бөгөөд текст л уламжилдаг, текстэд л ард түмэн үндэстний ахуй амьдрал, ёс уламжлал, сэтгэл, сэтгэлгээ, түүх соёл хадгалагдан өвлөгддөг. XIII зуунаас юу үлдсэн бэ гэвэл текст л үлдсэн ба биднээс ч мөн текст л үлдэх болно. Ингэж үзвэл хөлийн тавиурт хүндтэй байр эзлэх зохиолч гэх Э.Амарзаяагийн бүтээлүүдийг текстийнх нь талаас л дүгнэж байгаа бөгөөд хувь махан биеийнх нь хувьд хүртээлгүйг дурдсу.

Ж.Деррида “Бичвэрээс гадна юу ч байдаггүй” гээд бичвэрийн талаар «Ер нь тэгээд хамгийн ил утгатай бичвэрүүд ч (харин Грамматологийн тухай ном нь өөрөө текст биш билээ) Дерридагийн апориа хэмээн нэрлэсэн зүйлээр дүүрэн байдаг. “Апориа” гэдэг нь “зөрчил”, “нууцлаг будлиантай”, “хүндрэлтэй нөхцөл” гэсэн утга бүхий грек үгээс гаралтай аж. Дерридагийн хувьд бүх бичвэрт ийм ан цав, нүх, зөрчил байх бөгөөд деконструкцийн арга нь бичвэрийг уншиж байх үедээ энэ будлиан шийдвэрлэгдэшгүй байдлаас зайлсхийхэд тусалдаг» (“Философи” Соёмбо толь. Орч Б.Батчулуун. УБ. 2012. х310) гэсэн байдаг. Хэдий ийм боловч Э.Амарзаяагийн апориа нь арай л өөр мэдрэмж төрүүлээд байгааг яалтай. 

Феноменологийн хөдөлгөөний адил ХХ зууны философи дахь хөдөлгөөн хэмээн нэрлэгдсэн аналитик философид “Хэл бол бодлын эрхтэн” гэж үздэг. Түүнчлэн чиний хэлний хязгаар бол чиний сэтгэлгээний хязгаар ч гэдэг буй. Тиймээс аль талаа бодсон ч зохиолчийн хэл, түүгээр дамжин илэрч буй утга, логик хамаарал зэргийг хайхралгүй орхих аргагүй билээ. Тэгтэл “ЗАЛУУСЫН ШИЛДЭГ ЗОХИОЛ” туурвигч Э.Амарзаяа «Билэгт ангийн хамгийн харамч сурагч байхаа. Тэгсэн мөртлөө Аминаг гуйхаар таван зуун төгрөг Цэнгэлийг харсаар байхад халааснаасаа гаргаж өгсөн дөө. Өөдгүй амьтан түүнд санаатай юм байх даа. Намайг түүнтэй юу хийдгийг гадарлаа ч үгүй дээ. Хэрвээ Цэнгэл Аминатай юу хийсэн тухай түүнд хэлбэл тэр атаархсандаа улайж халсан бөмбөлөг шиг хагарч гамбургерэн хольц бүхий ходоодны тасархайнууд ангиар нэг цацагдана гэж хөвгүүн төсөөлж инээлээ» (Амарзаяа.Э. “Аминагийн дурлал. УБ. 2013. х40) гэж уран бүтээлч төсөөлөл хийсвэрлэхүйгээ нээсэн нь нэн сонирхолтой. Өөрөөр хэлбэл Э.Амарзаяа гэх субъективист уран бүтээлч дэлбэртлээ уурлах гэдгийг ийн төсөөлж буй нь ихэд сэжигтэй агаад ер нь их цаашилбал хүмүүний эрүүл мэндийн асуудал яригдахаас аргагүй болох тул зохиолоос эшлэхээ ингэсгээд орхиё.

Энэ мэт зохиолуудыг залуусын шилдэг хэмээн тодотгон хэвлүүлж түүнийг нь залуус авч уншсаар байгаа гэж бодохоор айдас төрнө. Энд эх болсон ч бил үү, аялгуу сайхан ч билүү монгол хэл, эх хэлний тухай хууль, хэлний дархлаа энэ тэр гэж «том том баах» ямар ч арга байхгүй. Уран бүтээлчдийн энэхүү увайгүй мунхаг байдал, маанагтаа найдсан зоригжуу төрх нь уран зохиолын хүрсэн түвшинг доошлуулж, алхам алхмаар арагш нь ухрааж байгаа ба бараг л нөгөө шинэ үсгээ хаяад бүх бичиг хэргээ үеэ өнгөрөөсөн монгол бичгээрээ явуулдаг болъё гэдэг шиг л элийрэл балайралд хүргэж байна. 

Түүнчлэн энэхүү Э.Амарзаяа бас бус нөхдийг зохиолч гэж хөөргөх, зохиол бүтээлийг нь шилдэгт өргөмжлөх, цөөхөндөө хань татдаг ч юм уу хүүхдийн зохиолчдын тоонд оруулах, түүвэр сэлтэд бүтээлээс нь хэвлэх мэтээр хөхүүлэн, элдэв шагналаар ачаалж байгаа нь өнөөгийн бидний үнэлэмжийн түвшинг бэлхэнээ илтгэнэ. Дүлийдээ найдсан унгарагууд түүнийг нь үнэн хэмээн санаж өөрийнхөө суут хүн гэдэгт өдөр ирэх бүр улам итгэн эрэмшиж, уран бүтээлээ улайран туурвих ажээ. 

Энэ янзаараа явбал Э.Амарзаяа зохиолчийн бүтээлүүдээс ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт оруулах өдөр ч холгүй бололтой. 

Гэтэл бидэнд чинь аугаа их түүх, түүнээс ч дутахгүй аугаа их ирээдүй бий гэдэг биз дээ. Тэрхүү ирээдүйг гардан бүтээх залуу үе маань, үр хүүхэд минь иймэрхүү зохиол нэртэй оюуны хомсдолтой номнууд уншсаар л байг уу! Түүнийг нь уран зохиолын хүрээнийхэн, мэргэжлийнхэн гэж өөрсдийгөө өргөмжилсөн бидний хэдэн шизотнууд харсан ч хараагүй юм шиг, уншсан ч уншаагүй юм шиг явсаар л байх гэж үү!

Хүн төрөлхтөн нас биенд хүрч, хэт зохиомол үйл явдал, үлгэрлэг дүрслэл, адал сонин явдалд шүтсэн зохиолуудын үе нэгэнт улирч баримтат уран зохиолын үе ирж байгааг дэлхий дахины утга зохиолын хөгжлийн хандлага харуулсаар буй. 

Өнөөгийн буюу постпост цаг үеийн залуусын хэрэгцээг хангах, цаашлаад оюун ухаан, харьцаа хандлага, ухамсар сэтгэхүйн төлөвшлийг нь удирдан чиглүүлэх үүрэг бүхий уран зохиол, зохиолчид маань ХХI зууны хандлагыг анзааралгүй орхиж үл болно. Хүн төрөлхтөний танин мэдэхүй, итгэл үнэмшил үнэлэмжийг:       

-Аман

-Цаасан

-Дэлгэцийн хэмээн зааглан үзэж болох мэт бөгөөд нэгэн цаг үед хүн төрөлхтөн 

үгээр хэлсэнд үнэмшиж байсан буй. Тэр үеийг аман зохиолын үе гэдэг ба аман байдлаар зохиогдож, уламжилж, үнэмшил төрүүлж байсныг нь утга зохиолын өв, танин мэдэхүйн түүх нотолж байдаг. Түүний дараагаар хүн төрөлхтөн цаасан дээр бичсэн зүйлд үнэмших болсон. “Алд биенд ам цагаан цаас гэрч” гэдэг үг ч бий. Цаасанд бичсэн зүйлээ үнэмшүүлэхийн тулд гарын үсэг, тамга тэмдэг хэрэглэж ирсэн, энэ үед бичгийн уран зохиол амжилттай хөгжиж, уран зохиолын бүхий л төрөл зүйлүүд цаасан хэлбэрт шилжсэн. Харин өнөө үед цаасан дээр бичсэн зүйлд үл итгэх болов. Фотошоп программын үр дүн, хуурамч хэвлэл, зохиомол эвлүүлэг.., гэх мэтээр үгүйсгэж гагцхүү дуу дүрс бүхий бичлэг л үнэмшил төрүүлдэг дэлгэцийн цаг үе ирээд байна. 

Шинжлэх ухаанд 11 түүнээс ч олон хэмжээст байж болох утаслагийн онол (String theory) сонстох болж дэлгэцийн үеийн индиго болон кристал хүүхдүүдийн сонирхлыг татах гиперреализмын хандлага бүхий үзэгдэл үзэгдлээр нь камерчлан буулгах баримтат уран сайхны бичлэгийн арга төлөвшиж байх шиг. 

ХХ зууны хоёрдугаар хагасаас бүрэлдсэн эмэгтэй хүний эрэгчингүйгээр бие даан амьдрах эрх зүйн болоод санхүүгийн боломж нь нэгэнт бодит байдал болж хайр сэтгэл, хийгээд гэр бүлийн асуудалд эвдрэл гарлаа. Микробиологийн шинжлэх ухааны хөгжил, нөхөн үржихүйн асуудал, үр шилжүүлэн суулгалт, хувилалтууд хийгдэж эд хөрөнгийн өв залгамжлалынмаргааныг хялбар шийдэх боломжоосоо хамааран ихэд дэмжигдэн төлөвшсөн моногами гэр бүлийн орчин шавхагдсаар байна.

Ийм цаг үед манай уран бүтээлчид эртээ урьдын цагийн нэг хаан ч юм уу, хатны тухай, эсвэл Амина ч юм уу, Номингоогийн хялбар цагаан дурлалын талаар баруун солгойгүй завьжлах нь дэндүү хоцрогдлоос өөр ямар ч үр дүн авчрахгүй. Зохиолч Г.Аюурзанын хэдэн романыг эс тооцвол сүүлийн хагас жаранд манай үргэлжилсэн үгийн зохиолд дорвитой ахиц гарсангүй гэхэд хилсдэхгүй л болов уу.  

Бидэнд, өөрийн гэсэн ядаж л Том Жерри, Маша баавгай, Нарүто, Пороро, Харри Поттер хэрэгтэй. Цаашлаад бидэнд өөрийн гэсэн Сервантес, Вольтер, Руссо, Толстой, Достоевский, Чехов, Кафка, Жойс, Камю, Хемингуэй, Маркес, Юкио, Мо Янь, Памук.., хэрэгтэй билээ!   

      

2019-03-12