Бид энэ амьдралд өөр өөрийн хоног хугацаатай ирсэн “ тавиул”-ууд

Б.Хулан
07 сарын 01, 2021

Мартагналын сүүдэр бүү дайраасай гэж олон хүний өмнөөс би шаналдаг. Заримдаа бүр зүрх шимшрэн шимшрэн шаналдаг. Учир нь амьдарч буй цаг үе минь мартах ёсгүй хүмүүсээ мартчих гээд байгаа болохоор.

Тэгээд ч  гуч хүрсэн насны ухаарлаар амьд хүнд хайр, харин алга бологсдод үнэн, хамгийн гол нь үнэн ”алдар” хэрэгтэй юм байна гэж санах болсон.  

Тэгснээс биш мөнхөрснийх нь маргаашнаас л хүндэдсэн алдарын” титэм” өмсүүлж сүйд хийхийг гойд ойшоодоггүй. Эмх замбараагаа  алдсан энэ хүмүүсийн явдлыг цэгцлэх аргагүй боловч ядаж үнэн хийгээд зөв гэж бодож байгаа талдаа зогсож үгээ хэлэхийг хүсэх болов. Гэтэл заримдаа өөрийнхөө үнэн хийгээд зөв хэмээн бодсондоо ч эргэлзэх үе бишгүй л гарах юм. Нуулгүй хэлэхэд бурхан ч гэсэн “эргэлздэг” байсан байх. За, тэр ч яахав. Ямар ч байсан одоохондоо эргэлзэхгүй байгаа юмсынхаа тухай бичиж байна. Алсдаа хэрхэхийг тэнгэр мэднэ биз. Хэрхэхийг тэнгэр мэднэ биз гэдэг жинхэнэ монгол философитой энэ үгийг сүүлийн үед хэлэх дуртай болчихоод байна. Ер нь энэ хавьцаа оршлоо дуусгая.

Хэрэв надаас “хорвоогийн хамгийн гунигтай нь юу вэ?” гэвэл  ямар эргэлзээгүйгээр “мартах” гэж хариулмаар байна. Ерөөсөө хүмүүн гэдэг амьтан мартаж чаддаг учраас амьд явдаг ч гэж хааяа хааяахан санадаг. Гэтэл энэ амьдралд чинь мартах ёсгүй юм, мартах ёсгүй хүн гэж байх ёстой биз дээ? Хэрэв та толгой дохин зөвшөөрч байвал тийм нэгэн мартаж боломгүй хүний тухай би бичсэн юм шүү. 

Халил: Уучлаарай, 1980-аад оны Монголын хүүрнэл зохиолын “толгой” хэн бэ? хэмээх дэндүү ойлгомжтой асуултанд одоохондоо надад гуравхан нэр байна. Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан, Долгорын Цэнджав. Бурхан минь бусад нь битгий гомдоорой. Үнэн юм үнэнээрээ дээр ээ.  


БИД ХОРВОО ДЭЭРХ БУРХАНЫ “ТАВИУЛ” БУЮУ ПҮРЭВЖАВЫН БАЯРСАЙХАНГ АМЬДРАЛЧААР ТАЙЛБАРЛАХУЙ 

Мартагналын сүүдэрт дайруулж, мартагналын мананд живэх ёсгүй  хүмүүсийн маань нэг зохиолч П. Баярсайхан  “Тавиул” нэртэй үгүүллэгийг 1986 онд дөнгөж 27 насандаа бичсэн юм. Үнэндээ хэдэн настай байсан  нь гол биш харин тэр энэ зохиолыг бичсэн нь л гол юм гэдгийг хэлмээр байна. Тэр үгүүллэгт тавиул хүү, тавиул багш, тавиул эмээ, өвөө, тавиул аав, тэр байтугай тавиул үнээний тавиул тугал гардаг юм. Ямар нэгэн ёс суртахуун, нийгмийн гаж тогтолцоо, дүрийн сэтгэл зүй нь тухай би энд ярихгүй. Харин энэ үгүүллэгт ганцхан айж үхмээр “үнэн” байгаа юм.  Тэр нь хорвоо ертөнц дээрх амьд амьтан бүхэн энэ амьдралд өөр өөрийн  хоног хугацаатай ирсэн “ тавиул”-ууд болох тухай. 

Бодол доо, тэр дайны жил… гэдэг шиг  бодол доо өнөөдөр надтай гудманд зөрсөн магадгүй маргааш зөрөх, өнөөдөр надтай ам зөрсөн, эсвэл маргааш зөрөх, өнөөдөр надад гомдсон эсвэл миний гомдоосон хэн ч бай та бүхэн бурхан гэдэг” оюун санааны оршихуй” нь оноолтоор “хорвоо” гэдэг дэн буудал буусан “тавиул” юм.

Шашны мухар үзэл, сүржин даржин номлол гэж битгий ойлгоорой. Мөн энэ үгүүллэгийг  уран зохиол судлалын үнэн худал нь тодорхойгүй олон аргаар задалсан зүйл миний бичсэнээс битгий хайгаарай. Ганцхан зүйл хэлэхийг хүснэм. Амьдрал шинжлэх ухаан биш. Амьдралыг бичихийн тулд амьдралын мөн чанарыг таних гэсэн ганцхан зам буй. Харин дараа нь амьдралыг таньсан хүний бичсэн зохиолыг шинжлэх ухаанчаар тайлбарлах гэж оролдоод шинжлэх ухаан ч биш болгочихдог.  Мэдээжийн юмыг нь тайлбарлаад мэдээжийн биш болгочихдогийг монголчууд “нуухыг нь авах гээд нүдийн сохолох “ гэдэг байх аа. Сохлох гэснээс “ Сохор байх гэдэг зовлон  биш. Сохор гэдэгтэйгээ эвлэрч чадахгүй байх нь хамгийн хэцүү зовлон” гэж Английн зохиолч Милтоны хэлсэн үг санаанд зурсхийн оров. Яагаад гэнэт энэ үг санаанд орсныг мэдэхгүй. Ямар ч байсан “Тавиул” үгүүллэгээ би цааш нь “амьдралчаар” тайлбарлаж байна.

Тэр үгүүллэгт нэг тавиул нь нөгөө тавиулдаа “ Ээж нь хотод байдаг юм аа. Өлгийтэй нялхаар нь орхиод явчихсан хүн. Одоо нэг үйлдвэрт гавшгайч болсон дуулдсан. Гавшгай хүн дээ. Хот руу тээвэр хийж яваад иртэл хүүг минь айлд хаячихаад л хот руу хүн дагаад арилаад өгсөн байсан… Ийм л хэцүүдсэн хоёр доо бид. П.Баярсайхан “Гүн ертөнц” 1999,167 хэмээн хүүрнэж байдаг юм. Ийм хатуу сэтгэлтэй эм “тавиул”-ууд эргэн тойрон дүүрэн байна. Энэ цаг үед бүр ч олон байна. Зүрхэндээ санахын “бэтэгтэй” олон олон нялх тавиулууд ч бидний эргэн тойрон хэдэн зуугаараа байна. “Гавшгайч болсон.

Гавшгай хүн дээ” гэсэн хөнгөн зэвүүцлийн цаана тийм хатуу сэтгэлтэй тавиулууд амьдралд ямар гавшгайгаар”нүгэл хилэнц “ үржүүлж орхидог тухай ч санаа бий. Гэхдээ бурхан дандаа онцгүй тавиулуудаар орчлонг дүүргээгүй л дээ? “Хөх туурийн тал” гэдэг үгүүллэгийг зохиолч 1987  онд дөнгөж 28 насандаа бичсэн юм. Энэ үгүүллэгт зүрх сэтгэлээ зэврүүлж орхилгүй амьдарч чадсан тавиул өвгөний тухай өгүүлнэ. 

Бусдад зовлон болохгүйн төлөө насаараа ганц бие явсан тэр тавиул нутгийнхаа хөгшний хүүг радиогоор ярьсны төлөө ” Хөх туурийн тал” -даа уйлж явна. Ийм сэтгэлтэй тавиул даанч өнөөдөр цөөрч дээ. Мөн ийм ховордсон тавиулын тухай “ Хөх туурь энтээд цайрна. Тал нутгийг саран гийгүүлнэ. Өвгөн бас ямар ч юм бэ дээ, нэг дуу амандаа аялах гэж оролдоно.

Нуурандаа…жаргалтай…
Дэлгэр…
Нутагтаа л хүн…

Должоон! Хөгшөөн!, хүү чинь раажуугаар яриад… гэв. Өвгөний нулимс урсаад тогтож өгөхгүй… (П.Баярсайхан” Гүн ертөнц”1999,144) гэж энгийн уянгалагаар өгүүлдэг зохиолч ч олонгүй болжээ. Гэвч ирээдүйд олон төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь бидний өмнө хүчирхэг оюун санаатай тавиулууд байсан. Бидний дэргэд ч тийм тавиулууд бий. Бидний араас ч тийм тавиулууд өсөн өндийж байна гэдгийг эхлээд ойлгож ухаараад дараа нь хүлээн зөвшөөрөх.  Өөрсдийнхөө өмнөх хүчирхэгүүдээс бид суралцдаг, тэгээд өөрсдийгөө төгөлдөржүүлдэг. Тийм зүй тогтол ч зохиолчийн үгүүллэгүүдээс анзаарагдана.  С.Эрдэнэ баавай ч юм уу, Д.Батбаяр багшийн ч юм уу, тэр хавьцааны “нэг юм” магадгүй энэ үгүүллэгээс өөрийн эрхгүй мэдрэгдэнэ. Тэр нь “уянга- сэтгэл зүйн” чиглэл. Харин тэр өмнө нь байсан юм шиг мэдрэгдээд байгааг уран зохиолд “уламжлал-шинэчлэл” гэдэг  санагдана. Гүн ухаантан Фридрих Ницшегийн нэгэн  захидлын хэсэг надад П.Баярсайханы үгүүллэгүүдийн учрыг тайлж өгсөн юм. Тэр захидалд ” Миний ямар нэгэн номыг уншсаныхаа дараа чи Гёте-г уншаад үз. Тэгж гэмээн чи Гётед байдаг уран зураачийнх шиг давалгаан маягийн стиль-г мэдэх болно. Миний стиль бол бүжиг. Үүгээрээ би М. Лютер, Гёте хоёроос цааш нэг алхаж, гуравдахь алхам хийснийг минь чи мэдрэх болно” (Д.Батбаяр “ Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц” 2007, 132) гэсэн байдаг ажээ. П.Баярсайханы үгүүллэгүүд ч ялгаагүй С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Д.Батбаяр нараас цааш нэг алхам хийсэн юм. Тэр алхмыг би “сэтгэл зүйн уянга ба зөн сэрэхүй “гэж тодорхойлохыг хүслээ. Тавиул ч ялгаагүй. Гэхдээ зохиолч амьдралыг бусдаас арай өөрөөр хардаг. Туйлын энгийнээр бол юм бүгдийн цаана буй аз жаргалыг олж хардаг гэх юм уу даа? Зарим судлаачдын мэдэрснээр амьдралын гэрэл гэгээг. Яагаад ч юм бэ? “Хүмүүс аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл тэр гар сунгах төдий зайд л байж байдаг шүү дээ? гэсэн аугаа Горацийн үг санаанд оров. 

Адам Жексоны аж төрөхүйн тухай  номыг уншсанаас хойш Горацийн хэлсэн энэ үг санаанаас гарахаа больсон юм.  Харамсалтай нь тэр ойрхон байгаа аз жаргалаа хүмүүс бид олж хардаггүй. Аз жаргалаа төдийгүй цагийн дараа юу болохыг ч олж харж чаддаггүй шүү дээ? хэзээ яаж үхэх тухай бол бодоод ч нэмэргүй. Яг л “Хоёр зуун дөчин хоёр” үгүүллэгт нэгэн эмгэн тавиул насаараа хамт амьдарсан өвгөн тавиулаа хугацаагаа дуусах мөчид хэрхэн өрөвдмөөр байсан тухай ярьж байдаг шиг. Сайхан үхэх ч бас муугүй л буян юм билээ хэмээн бодоход хүргэдэг шүү дээ? “Хоёр зуун дөчин хоёр” хэмээх энэ үгүүллэгийг мөн л 1986 онд 27 насандаа бичсэн юм. 

Энэ үгүүллэгт   хувь ерөөлөөр өндөр наслах бүгдийн үзэж туулах гунигийн тухай өгүүлсэн байдаг юм. Тэрхүү гуниг бол ганцаардлын гуниг. Нуулгүй хэлэхэд хэтэрхий урт хугацаанд тавиул байх нь нэг ч их сайхан зүйл биш тухай өгүүлдэг юм. Хичнээн удаан амьдарна төдий чинээ ганцаардана. Харин “Хоёр зуун дөчин хоёр” үгүүллэгийн дүр ганцаардлын гуниг, ганцаардлаас  айх айдас гэхээс илүү ганцаардлын зөнд автчихаад байгаа юм. Ялимгүй марзан ч байж мэдэх  нэгэн жишээ татъя. “ Нэгэн нэрт зохиолч бас л алдар хүндийг горилон амьдарч байсан бөгөөд тэр нэр алдраа ч олсон. Хэтэрхий урт насалсан учраас сүүлдээ алдар нэрээ ч алдаад зогссонгүй, гайхамшигт чадвартай уураг тархи нь ч муудаж орхижээ. Залуу цагтаа зохиосон олон ном зохиолынхоо утга учрыг өөрөө ч ойлгож чадахаа байснаас энэ зохиолч өвгөрч өтөлсөн насандаа сэтгэлээр унан, урам нь хугарч өч төчнөөн цагаар уйлж л суудаг болсон гэдэг” (Жон Тодд “Өөрийгөө хурцлахуй” 2008,151) Гоё байгаа биз.  Тийм байдалд ортлоо амьдралтай зууралдана гэдэг нэг төрлийн том “чадвар” гэж сүүлийн үед бодох болсон. Харин чухам яагаад зохиолчийн ихэнх үгүүллэгүүдэд өндөр настай тавиулуудын дүр ихээр дүрслэгддэгийн учрыг сайн мэдэхгүй юм. Учрыг нь хожмын уран зохиол судлалын” мэргэд” олох биз. Тэдэнд тэртээ тэргүй П.Баярсайханы тухай ярих, магадгүй бүр ихээр ярих “нийгмийн шаардлага” гарна. Тэр үед молхи миний учрыг нь олохгүй байгаа цөөнгүй зүйлс нар саран адил тодорхой болох биз ээ.


САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН БУЮУ ПҮРЭВЖАВЫН БАЯРСАЙХАНГ  ДАХИН АМЬДРАЛЧААР ТАЙЛБАРЛАХУЙ

Хэрэв надаас амьдралын хамгийн зугаатай нь юу вэ? хэмээн асуувал би ямар ч эргэлзээгүйгээр “ Хүн сармагчин хоёр нэг гарвалтай байж болох ч сүүлийн үед хүн нь эргээд сармагчин төрөлдоо очих гэж яарч байгаа нь” гэж хариулмаар байна. Та бүү гайхаарай. Нөгөө Холливудын “Хүн-аалз” гэдэг кино шиг “хүн-сармагчин”-гууд урьд нь ч  байсан. Гэхдээ одоогийнх шиг ийм олуулаа байсан гэдэгт би эргэлздэг юм.

Халил: Уучлаарай,  хүн- сармагчинг ямар шинжээр таньж болох вэ? гэсэн дэндүү ойлгомжтой асуултанд одоохондоо надад гуравхан хариулт байна. Юу ч уншдаггүй, юуг ч ухаардаггүй, юунд ч ханаж цаддаггүй. Хэрэв таньд энэ шинжүүд байгаа бол бурхан минь битгий гомдоорой. Үнэн юм үнэнээрээ дээрээ, ээ.

“Сармагчин бол сармагчин” үгүүллэгийг 1988 онд дөнгөж 29 насандаа бичжээ. Хүн- сармагчингууд нэгэнт хүн биш болсон учраас хүн- чанар гэдэг зүйл огтхон ч байхгүй болдог ажээ.  Тэгэхээр бүх юм тодорхой болж байна. Хүн- чанар байхгүй бол хүн- сармагчин л гэсэн үг. Сармагчин гэдэг амьтан сармагчин -чанараа алдаагүй байхад хүн гэдэг амьтан хүн- чанараа хэдийнээ гээжээ гэдгийг энэ үгүүллэгээс олж харах бөгөөд  бүхэлдээ хүн- чанарын тухай үгүүлж байна. Хэтэрхий гэнэн тайлбар мэт санагдаж байгаа бол “ Хүний ёс суртахууны уналт  хийгээд аж амьдралын элдэв дарамтууд хүмүүсийн хоорондын харьцааг бүхэлд нь хиймэл, жүжигчилсэн, зохиомол, сэтгэлгүй болгож байгааг зохиолч Пүрэвжавын Баярсайханы “Сармагчин бол сармагчин” хэмээх үгүүллэгт тун энгүүнээр үгүүлжээ” гэж үнэн “шинжлэх ухаанчаар” тайлбарлаж болохоор байна. Гэтэл Дэлэг гэдэг дөч хүрч яваа эр аргагүй цөхөрч байна. Юунд гэвэл сармагчингуудын нэг болоогүй учраас. Эхнэр нь түүнийг сармагчин болохыг шахаж, “Сайд” танил нь сармагчин амьдралаараа гайхуулж, бялдуучилж яваагүйнх нь төлөө хүн-сармагчингуудын сүрэг түүнийг ганцаардуулж байна. Гэр бүлийн амьдрал нь ч тэвчиж суухын эцэсгүй хэцүү байхад, хүүхдүүд нь өсөж өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсэн түүнтэй санал бодол зөрөлдөж байна.

… Дэлэг гүйхээрээ явж тагт дээр гарвал дахиад л одод жирвэлзсэн тэнгэр угтав. Тэрээр тагтны ирмэгээс тас зуурч, тоо томшгүй одод уруу цөхрөнгүй хараад толгой сэгсчин,

-Бурхан минь! гэлээ. Шанааны нь тус газар хүчтэй луг луг хийх нь судас лугшиж байгаа биш нэг зүйлээр битүү дэлсэж байх шиг санагдана. (П.Баярсайхан “Анир гүм нутаг минь” 1990, 79)

Ийм байдалд орсон хүн “… эцэст нь стоик буюу хатамжлах, аскет буюу даяанчлахын аль нэгийг сонгон нийгмийн дайсагнасан хүрээлэл дунд өвөрмөц шинжээ хадгалж үлдэхийг л эрмэлздэг ажээ.” (А.И. Титаренко” Эсрэг үзэл” 1982, 348) гэсэн байдаг юм.

Дэлэгт ч ялгаагүй тийм л  хоёрхон зам үлдэж байна. Чухам аль замыг сонгохыг зохиолч тодорхой хэлсэнгүй. Магадгүй минийхээр тэр “хатамжлах “ замыг л сонгосон болов уу? Өнөөдөр хүн-сармагчингууд амьдралд хожиж байгаа нь үнээн. Гэвч хүний ёс, хүний чанараа гээгээгүйчүүлд  маргаашийн өдөр “аз жаргал- гэрэл гэгээ” бий гэдгийг зохиолч хэлэхийг хүсжээ. Энэ л зохиолч П.Баярсайханы үгүүллэгүүдийн хамгийн “үнэт чанар” нь бөгөөд хожим ийм “үнэлэмж”  одоогийн хэллэгээр “моодонд” орох нь гарцаагүй. 

Харин “Зуун жил” гэдэг үгүүллэгийг мөн л  1987 онд дөнгөж 28 насандаа бичсэн юм. Хэдийгээр Чеховын “Зургадугаар тасаг” шиг эмнэлэгийн орчин гарах ч сэтгэл мэдрэлийн эмнэлэг биш. 

Олон зохиолчийн хүч үзсэн сэдэв “Амьдрал- эмнэлэг”. Өвчтөн нь бидний ойлгож байгаагаар мэдээж ямар нэгэн өвчин туссан “тавиул”-ууд.   Хорвоогоос буцах ээлжээ л хүлээж байгаа эрүүл бус өвчтэй хүмүүс. Энэ бүхэн ч яахав. Хамгийн сонирхолтой нь нэг хүнийг 100 жилээр хөлдөөж байгаа юм. Хаа нэгтэйгээс Америкийн дуучин Майкл Жексон өөрийгөө удахгүй зуун жилээр хөлдөөлгөх тухай уншсан санагдана. Тэгээд олон жилийн дараа нэг нартай өдөр сэрж босоод зуу гаран настай Жексон бодвол дахиад хар нүүрээ цагаанаар солиод, бага насны банди нар чангаагаад,  дуулж эхлэх юм байгаа биз гэж бодож байлаа. Хөлдөхөөсөө өмнө ээжтэйгээ уулзаж байгаа  юм. Ээж нь “ Хүүг минь өгөөч дээ? Гаргаач дээ? Би тэсэхгүй нь би зуун жил яаж хүлээх вэ?(П.Баярсайхан” Гүн ертөнц” 1999, 94) гэсэн хэсэг байдаг.  Хүсвэл хүний ээж, хүүгээ зуун жил ч хамаагүй хүлээж болно гэж бодож байна шүү дээ? Зөвхөн эх хүн л тэгж бодож чадна. Иймэрхүү уярмаар хэсгүүдийг зохиолч П.Баярсайханы олон үгүүллэгээс олж уншиж болно.

 “Улаан малгайтай охин” эсвэл “Чулуу”, “Буцах цаг”, “Захиа” зэрэг үгүүллэгүүдээс ч амьдралын жаазлаад ханандаа өлгөчихмөөр агшнуудыг  хангалттай мэдэрч хүртэж болно. Амттай бичдэг юм гэж зарим нэг зохиолчид өөр нэг зохиолчоо дүгнэж байхыг сонсож байлаа. Говийн мах ч юм уу, үгүй бол голио чихэр шиг амттай гэж эндүүрэн битгий ойлгоорой. Тэр “амт” гээд байгааг харин би “ховсдох” чанар гэж хэлэхийг хүсдэг. Ийм чанар  даанч манай тийм ч олонгүй зохиолчид байдаг юм аа. Гэхдээ би огт санаа зовохгүй байна. Иккю гэдэг Зенгийн багш ” Цэцэгсийн төлөө санаа бүү зов. Цаг нь болоход цэцэг дэлгэрдэгээрээ дэлгэрч, үр жимс нь боловсордгоороо боловсорно” гэсэн юм. Тэгэхээр цаг нь болохоор “ сэтгэл зүйн уянга ба зөн сэрэхүй”, ”аз жаргал-гэрэл гэгээг” мэдэрч бичих “ховсдогч” чанартай зохиолчид олноороо төрнө. Зүгээр л зохиолч П. Баярсайхан шиг.

Төгсгөл: Бичиж эхлэхдээ л би өөрөө өөртэйгээ харшилдсаны эцэст  “энэ бүгдийг чинь тэгээд би ямар” шинжлэх ухааны үзэгдэл” гэж тайлбарлалтай биш” хэмээн өөрийнхөө сул талыг зөвтгөж орхив. Тэгээд ч амьдралыг амьдралчаар л тайлбарлалаа.

Таалж уншина уу? Баалж муулна уу? Хэрхэхийг тэнгэр мэдэг ээ.

 Зохиолч П.Батхуяг

Холбоотой сэдвүүд

ном номын шүүмж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.