Сайн хүн байх хэцүү Ф.Достоевский "Подросток" роман. 

Эртний Герегийн долоон мэргэний нэг  Питтак  "Сайн Хүн Байх Хэцүү" хэмээх гүн ухааны томьёолол дэвшүүлжээ. Утгачлан буулгавал: Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү? 

Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу? Сайн хүнд ОРШИН АМЬДРАХ НЬ хэцүү юм уу? Хүн байх нь бус харин САЙН ХҮН байх нь хэцүү юу? гэсэн гүн гүнзгий философи агуулгатай аж. 

Достоевскийн зохиолын баатар Аркадийн туулсан амьдрал, ойлгож ухаарсан зүйлс энэ гүн ухааны асуултанд ямар нэг хэмжээгээр хариулт болж байна. Уг нь мань залуу хамжлага Долгорукий гэдэг хүний албан ёсны эхнээрээс гарсан түүгээр овоглодог хүүхэд. Гэтэл жинхэнэ мах цусны төрсөн эцэг нь хамжлагын эзэн Версилов гэх ноён. Нэг ёсондоо нуувар, хууль бус хүүхэд. Нялх багаасаа өөр хүний гар дээр өсөж хүмүүжсэн Аркадий ганцаардмал, дотогшоо бүхнээ нуудаг, бие даасан үзэл бодолтой, хэрсүү залуу болон хувирчээ. Тэр бусдыг өөрийнхөө эрхшээлд оруулж, хувь заяаг нь захирах мөрөөдөлдөө хүрэхийн тулд нэгэн "том санаа" бодож олжээ. Ингээд их сургуулиа орхиж нөгөө "том санаа"-аа хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Тэр даяанч амьдрал,  магадгүй түүнээс ч дор хүнд хэцүү сорилтыг даван туулах ёстой. Шаргуу, тасралтгүй, цуцалтгүй ажиллагаа хэрэгтэй. Тэгж байж зорилгодоо хүрнэ. 

Энэ зохиолын тухай "Эргэн тойрон нь ялзарч, хүн нэрнээс цаашгүй амьтдаар дүүрсэн бузар нийгэмд хүн чигээрээ,  хүний ёс зүйгээ хадгалсаар байгаа ганц нэг хүн байсаар байгаа тухай бахархан бичсэн ПОДРОСТОК зохиол нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй, би үүнийг амьдралынхаа мөрдлөг болгодог" гэж нийтлэлч Баабар гуай дурдсан байдаг. Нөгөө "том санаа" агуулсан залуу маань багад нь хаяж одсон төрсөн эцэг эх дээрээ Петербург ирээд гэр бүлийн хоорондох маргаан будлианд өөрийн эрхгүй хутгалджээ. Баян өв залгамжлагч болохын төлөөх хатуу ширүүн тэмцэл, хайр сэтгэлийн арилжаа, язгууртан ноёдын хуурамч тансаглал, дорд ядуусын гаслант зовлон , мөнгөний төлөөх улангасал гээд орчлонгийн эрээн бараан дунд мань залуу холилдох шиг болов. Үзэл бодлынхоо төлөө, өөрийгөө худалдахгүйн төлөө, доромжлол амссанаас үхсэн нь дээр, амиа хорлосон нь шулуухан гэж үзэж хүчирхэг хувь хүмүүс. 

"Шударга ёс тогтлоо гээд юу хожих юм" гэж боддог хүмүүс олширсон энэ цаг үед шударгаар амьдраад "хүн юу хожиж" болохыг энэ зохиолоос харж болно. Нийгмийн тэгш бус байдал, амьдралын аргагүй нөхцөлөөс болоод зовлон шаналал дунд амьдарч яваа залуус олон бий. Янхан болохгүйн тулд амиа хорлож буй Оля бүсгүйг хэрхэн ойлгох вэ? Янхан болох нь ч нүгэл, амиа хорлох нь ч нүгэл. Өөр арга зам алга гэж үү? Мэдээж байгаа. Гэхдээ амьдралын хатуу босгоор дөнгөж алхаж буй,  өсвөр наснаас том хүний эгнээнд шилжиж буй залуу хүмүүс сэтгэлзүйн хувьд эмзэг байдаг учраас гэнэтийн зүйлд санаанд оромгүй цочир хариу өгдөг аж. 

Сэтгэлзүйн анализ хийдэг агуу мастер Достоевский моральгүй болсон нийгэмд хүн өөрийнхөө ёс зүйгээ хадгалан үлдэж чадах уу, тийм боломж байна уу гэсэн асуултанд хариулт эржээ.

Эргэн тойрон нь ялзарч, эд хөрөнгөнд шүтэнгэтсэн цаг үед хүн чанараа хадгалан үлдэх тийм чадвар хүний дотоод сэтгэлээс л урган гарах учиртай аж. ХIX зууны үеийн хаант засагтай, харанхуй бүдүүлэг Орос орны нийгмийн байдал, хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээ манай өнөөгийн цаг үеэс онцын ялгаагүй байгаа нь юуны учир вэ? 

Амьдрал төсөөлж байснаас тэс өөр болох үед хүний зан араншин, үзэл санаа-мэдрэмж даган хувирч байдаг. Харин хүн өөрөө хүнлэг чанараа хадгалж үлдэх эсэх нь хамгийн том шалгуур юм. Аркадий бол эргэлздэг, эргэцүүлдэг, өөрийн гэсэн хувь чанартай мундаг залуу. Түүний охин дүү Лизагийн бүтэлгүй хайр дурлал миний сэтгэлийг их өвтгөсөн. Сайн хүнд ОРШИН АМЬДРАХ НЬ хэцүү тийм л цаг үе, нийгэмд хүн хэвээрээ үлдэнэ гэдэг хувь хүний өөрийнх бахархал, нэр төр, үнэлэмж юм даа. "Хүний амьдралын хамгийн том нууц бол хойд насанд нь  хүлээж байгаа тэр зүйл" гэж романы баатар Долгорукий хэлдэг. Марзан Шаравын "Монголын нэг өдөр"  зураг шиг нийгмийн амьдралыг том хавтгайд дэлгэн үзүүлж , баатруудын зөрчил тэмцлээр сайн мууг нь ялган үзүүлэх гэж зорьсон мэт санагдана. 

Хамжлага Долгорукийн хүү Аркадий  өөрийн төрсөн эцэг ноён Версиловын "хүүхний ангууч", "завхай этгээд", "өв хөрөнгө сүйтгэгч", "сүйхээтэй луйварчин" гэх мэт бараан намтрыг бусдаас хангалттай сонсож дуулсан. Барин тавин мэднэ. Яг үнэндээ ноён Версилов ямар хүн бэ гэдгийг өнгөрсөн нэг жилийн дотор өрнөсөн будлиан самуунаас Аркадий сайн мэдэж авчээ. Хүнийг гаднаас нь бүрэн дүүрэн тодорхойлох үнэндээ л хэцүү. Хүний далд ухамсрын нууц мөсөн уултай л  адилхан. Достоевский нийгэм сэтгэлзүйн шинжээч, философич зохиолч гэдгээрээ өнөө үе хүртэл уншигдаж, хамгийн их эшлэгдсэн зохиолч болсон билээ. Энэ цаг үеийн хамгийн алдартай романчдын нэг Мүраками "Би Достоевскийн "Карамазовын хөвүүд" шиг роман бичээд үзгээ тавина" хэлсэн удаатай. Ганц Мүраками гэлтгүй Өрнийн орчин үеийн утга зохиол гүн гүнзгий нөлөөгөө үзүүлсэн зохиолч юм. "Чи Достоевскийг уншихгүй байсан ч болно. Тэглээ гээд Достоевский доошоо орохгүй" .