"Эрх баригчид Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх асуудлыг шийдэж чадахгүй зугтсан, гадагшаа явсан"

Б.Баясгалан
01 сарын 30, 2020

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх зэрэг 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Яг одоо хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хурдан шийдвэрлэж, нэг талд нь гаргамаар байна. 48 цаг нь өнгөрч, хугацаа хэтэрсэн. Эрх баригч нам МАНАН, МАНАН бусаараа хуваагдаж дүлэгнэхээ боль. Энэ асуудлыг шийдэж чадахгүй зугтлаа, гадагшаа явлаа. Одоо шийдвэрээ гарга. ШИНЭ нам түдгэлзүүлэх байр суурьтай байгаа.

Тойргийн хуваарилттай холбоотой хувилдаанаа зогсоохыг эрх баригч намаас шаардаж байна. Улаанбаатар хотоос тойрог, мандат хулгайлдагаа боль" хэмээлээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжиж, Хууль зүйн байнгын хороо эсэргүүцсэн. Харин МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг намаасаа хөөх шийдвэрийг өчигдөр гаргасан. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.