Яг одоо УИХ-ын чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрын 2 дахь гишүүнийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүн, эрх барьж буй намын даргаас асуух зүйл олон байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы хуралдаанд оруулж ирэх томъёоллоор санал хураалт явуулж өгөөч" хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Энэ томъёоллоор санал хураалт явуулна гэсэн асуудал байх ёсгүй. Ерөнхий сайд угаасаа орж ирэх ёстой. Бүхэл бүтэн Засгийн газрын бүтцийн асуудал ярьж байхад Ерөнхий сайд нь байхгүй байж болохгүй. Үүнээс чухал ямар асуудал байдаг юм. Уг асуудлаар УИХ ээлжит бусаар хуралдаж, иргэд бүх нийтээрээ хараад сууж байна. Тиймээс Ерөнхий сайд орж ирэх ёстой" хэмээлээ.

Үүний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин "Ерөнхий сайд чухал арга хэмжээнд оролцож байгаа. Сая би утсаар ярилаа. Одоо наашаа гарч байна" гэв. 

Чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг орж иртэл түр завсарлалаа.