Эцэг эхчүүд бох зажилах, компьютер тоглох, эмх цэгцгүй байхад хүүхдүүдээ шүүмжилдэг. Гэвч энэ мэт үйлдлүүд нь тэдний зан ааш, сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй аж. Хамгийн чухал зүйл бол бүх зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. 

Шүүмжлэлтэй ханддаг зарим зуршил бидэнд эерэг хандлага авчирдагийг онцолж байна.

Бохь зажилах: Стрессийн түвшинг бууруулж, ой тогтоолтыг сайжруулна

 

Ном уншиж байхдаа бохь зажилах нь хэд хэдэн эерэг нөлөөтэй. Эдгээрийг дурьдвал, анхаарал төвлөрүүлэх, ой санамжийг сайжруулах, сэрэмжтэй байдал, шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг. Судалгаанаас харахад бохь зажилж байсан хүмүүс илүү ой санамжтай байсан нь ажиглагджээ. Мөн бохь нь гормоны кортизолын түвшинг багасгадаг нь стрессийг бууруулахад тустай аж.


Видео тоглоом тоглох: Суралцах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг.

Тоглоомны шуурхай үйл явдал нь мэдрэмжээ ашиглан хурдан хариу үйлдэл үзүүлэх, зөв шийдвэр гаргахыг шаарддаг. Стратегийн тоглоом нь тархины чадварыг хөгжүүлэн, сурах чадварыг дээшлүүлдэг. Гэхдээ чадваруудаа хөгжүүлэхэд хурдан үйлдэлтэй тоглоомнууд (fast-paced action video game) илүү ач холбогдолтой.


Хараал хэлэх: Стрессийг бууруулж, өвдөлт намжаах мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Ихэнх хүн хараал хэлэх нь муу зуршил бөгөөд ангижрах хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Гэсэн ч судалгаагаар хараал хэлэх нь стрессийг багасган, бухимдалыг арилгахад тусалдаг нь нотлогджээ. Үүнээс гадна Келе сэтгэл судлалын их сургуулийн хийсэн судалгаагаар өвдөлтийг намжаах мэдрэмжийг нэмэгдүүлдэг гэсэн байна. Энэ нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл болохоос хэтрүүлэн хэрэглэвэл муу зуршил болох сул талтай.


Эмх замбараагүй байдал: Бүтээлч байдлыг сайжруулахад тусалдаг.

Бохир, замбараагүй байдал нь бидний дотор нуугдаж буй бүтээлч сэтгэлгээг харуулдаг гэнэ. Нэгэн сонирхолтой туршилт явуулсан нь хүмүүсийг хоёр хэсэгт хуваан нэг хэсгийг нь эмх замбараатай, харин нөгөө бүлэг хүмүүсийг замбараагүй өрөөнд байрлуулсан байна. Үүний дараагаар ширээний теннисний бөмбөгийг хэдэн янзаар ашиглаж болох талаар санал дэвшүүлэх даалгавар өгөхөд замбараагүй өрөөнд байсан оролцогчид илүү бүтээлч санаа дэвшүүлжээ.


Унтах: Зүрхний шигдээс, цус харвалтыг бууруулдаг.

Унтах дуртай хүмүүсийг залхуу хойрго, хүсэл эрмэлзэлгүй хэмээн шүүмжилдэг. Гэхдээ энэ бол үнэн биш бөгөөд эрт босох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй аж. Судалгаанаас харахад, хэт эрт босдог хүмүүс даралт ихсэх эрсдэлийг бий болгож, судас хатуурах, цус харвах, цусны даралт ихсэх асуудлуудтай илүү тулгардаг. Тиймээс бие махбодоо даган илүү унтаж амрахыг хичээх хэрэгтэй.


Хов жив: Найзуудыг ойртуулж, стрессийг бууруулдаг.

Хов живийг ёс суртахуунгүй, итгэл эвдсэн зүйл гэж үздэг ч бидэнд эерэг нөлөө үзүүлдэг байна. Сэтгэл зүйн судалгаанаас харахад хов жив нь бидний бусадтай харилцах харилцааг сайжруулж, тэдэнтэй нөхөрлөхөд тусалдаг. Түүнчлэн хов жив нь стресс болон сэтгэл түгшүүрийг бууруулдаг. Бүлэг хүн хов базах нь аминчхан үзлийг таслан, мэдээлэл солилцох, хоорондын хамтын ажиллагааг сайжруулдаг байна.


Хэхрэх: Ходоодны өвдөлтийг намжаадаг.

Хэхрэх нь жигшмээр сонсогдож болох ч бидний хоол боловсруулах үйл явцын хэвийн хэсэг юм. Хэхрэлт нь ходоодон дотор хуримтлагдсан хүсээгүй хийг гадагшлуулан, ходоодны эрүүл мэндийг хамгаалахад тусалдаг. 


Шүршүүрт орохыг алгасах: Арьсны тэнцвэртэй байдлыг ханган, ашигтай бактерийг хадгалдаг.

Шүршүүрт орохгүй байх нь сайн зүйл гэж хэлэхгүй ч, хэрвээ орох боломж гараагүй бол энэ нь таны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй аж. Ялангуяа өдөр бүр халуун шүршүүрт орох нь арьсийг хуурайшуулж, арьс үрчлээтэхэд нөлөөлдөг. Хэрвээ өдөр алгасан шүршүүрт орвол арьсны тослог байдлыг дахин сэргээн илүү зөөлөн, өнгөлөг болоход тусалдаг байна. Мөн байнга биеийн шингэн саван хэрэглэх нь ашигтай бактерийг устгадаг тул зайтай шүршүүрт орж, ашигтай бактерийг хадгалсанаар эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг аж.


Сошиал медиа ашиглах: Сэтгэлийн дэмжлэг өгч, нийгэмтэй холбоотой байлгадаг.

Сошиал медиаг ашиглах нь ажлын бүтээмжийг бууруулдаг гэж шүүмжилдэг. Мэдээж хэтрүүлэн ашиглавал бүтээмжийг бууруулах нь тодорхой. Харин заримдаа бидний амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Нийгэмтэй илүү ойр харилцаатай байхад тусалдаг ба бусдаас сэтгэл санааны дэмжлэг олоход хялбар болгодог.


Хүйтэн шүршүүрт орох: Цусны эргэлтийг сайжруулан, жингээ бууруулахад тусалдаг.

Хүйтэн шүршүүрт орвол шууд өвчин тусна гэж боддог уу? Тэгвэл хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулан, шээсний хүчлийн түвшинг бууруулан, глутатионы түвшинг нэмэгдүүлдэг. Мөн артерийн даралтыг арилган, дархлааны системийг сайжруулдаг байна. Үүнээс гадна хүйтэн усанд орох нь өөх тосыг шатаах үйл ажиллагааг идэвхижүүлдэг.


Эх сурвалж: brightside.me