Ева Мозес Кор нь Еврейчүүдийн хорих лагерьт хоригдон аймшигт айдас хүйдэс дунд хүнд хэцүү тавиланг туулсан ч агуу их сэтгэлийн хүчээр энэ бүхнийг давж амьд гарч чадсан нэгэн. Тэрээр одоо 85 настай хэдий ч Facebook болон Твиттерийн идэвхитэй хэрэглэгч юм. Дэлхий даяар аялан, баримтат кинонд дүрээ үлдээж, ном бичиж нацистийн туршилтын тухай түүхийн музей хүртэл байгуулжээ. Евагийн амьдралын замнал, хамгийн эгзэгтэй агшинууд нь өөрийнх нь төсөөлснөөс ч хүчирхэг нэгэн болохыг баталж өгсөн сонирхолтой түүхийг хуваалцаж байна.

Хүүхэд нас 

Ева Мозес нь Рум улсын еврей гэр бүлд төрсөн. Тэрээр хоёр эгч мөн өөрийн ихэр Мириамтай амьдардаг байжээ. 1944 оны 5 дугаар сард гэр бүлээрээ “Auschwitz” руу илгээгдсэн байна.Тэд үхэр тээвэрлэхэд ашигладаг дүүрэн хүн чихсэн галт тэргээр дөрвөн өдрийн турш аялжээ. Евагийн гэр бүл хорих лагерьт ирэхэд шоронгийн харуул охидуудыг нь ихэр эсэхийг асуув. Эерэг хариулт авсаны дараа охидыг эхээс нь салган байрлуулжээ. Ева болон Мириам нар дахин эцэг эх, эгч нарынхаа цаашдын хувь заяаны талаар энэ цаг үеэс хойш сураг тасарчээ. Хамгийн сүүлийн удаа “салах ёс хийх тавцан” дээр эцэг эх, эгч нараа харсан байдаг.

Үхлийн элчийн туршилт 


Ихэр төрөх нь нацист эмч нарын сонирхлыг хөдөлгөдөг байсан ба тэр дундаа “Auschwitz”-ийн хамгийн харгис эмч Жозеф Мингелийн анхаарлыг ч тойрсонгүй. Түүнийг “үхлийн элч” хэмээн хочилдог байжээ. Тухайн үед хоригдох лагерьт Ева Мириам хоёртой адил 1500 ихэр байсан ч тэдний 300 нь л амьд гарч чадсан түүхтэй. Хэдэн арван мянган хүмүүс доктор Мингелийн харгис туршилтын хохирогч болсон юм. Тэрээр ихрүүдийг шинжлэх ухааны талаас нь маш их сонирхдог байсан нь ари эмэгтэйчүүдийн төрөлтийг нэмэгдүүлэх хувийн сонирхол агуулж байжээ.

Мөн төрөл бүрийн өвчин хүнд хэрхэн нөлөөлдөг талаар олж мэдэхийн тулд ихрүүдийн нэгд нь үхлийн вирусыг тарьж, үр дүнг нь эрүүл эгч эсвэл ахтай нь харьцуулдаг байв. Үүнээс гадна нүдэнд нь янз бүрийн химийн бодисыг тарин, өнгө нь хэрхэн хувирч байгааг ажиглахаас гадна хиймлээр сиамын ихэр төрүүлэх туршилтуудыг явуулдаг байсан ажээ.

Ева Мириам нар дээр ч гэсэн төрөл бүрийн шинжилгээ, генетикийн туршилтуудыг хийжээ. Евагийн санаж байгаагаар нэг удаа ихрээс нь салган лабораторид шилжүүлэн, зүүн гарны бугуйнаас их хэмжээний цус аван, баруун гарт нь хэд хэдэн тарилга хийжээ. Үүний дараагаар тэр аймшигтай халуурч, гар хөл нь хавдаж бие нь улаан толбоор дүүрчээ. Тухайн үед Еваг хоёр долоо хоног л амьдарна гэж доктор Мингел хэлсэн ч тэр азаар амьд үлдэн ихэр эгчийнхээ хорогдож байсан байранд буцаж иржээ.

Харамсалтай нь Мингел эмч дайны дараагаар Германаас Латин Америк руу зугтсан ба ямар ч шийтгэл хүлээгээгүй ажээ.

Аврал 


1945 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр саатуулах шоронгийн хоригдогч гүйн ирж “бид чөлөөтэй” хэмээн хашгирчээ. Охидууд гудамж руу гүйлдэн гарахад цагаан халхавчтай хүмүүс тэдэнд шоколад, жигнэмэг тараан өгчээ. Тэдгээр хүмүүс нь Улаан армийн цэргүүд байв.

Эрх чөлөөтэй болсон 11 настай ихэр охидыг гэлэнмаа нарын асрамжийн газарт байрлуулжээ. Ева болон ихэр эгчид нь тоглуулахаар тоглоом өгсөн ч охид дахин тоглохыг хүссэнгүй. Учир нь тэд хүүхэд насаа “Аuschwitz”-д үүрд үлдээжээ.

Тэд дараа нь Румын тосгон дахь гэртээ ирсэн ч тэдний гэр нь хоосон, тоногдсон байжээ. Евагийн хэлснээр энэ өдөр түүний хувьд хамгийн гунигтай өдөр болж үлдсэн нь гэр бүлийнхээ хэн нэгэнтэй дахин уулзах нууцхан найдвар нь тасарсан явдал юм.


“Аuschwitz”-ийн дараах амьдрал 


1950 онд эгч Ева, Мириам нар 16 настайдаа Израйл руу нүүж, Хайфа хотод суурьшив. Охидын аль аль нь Израйлийн армид үйлчилж байжээ. 1960 онд Ева Майкл Кор нэртэй Америк эртэй гэрлэсэн нь мөн Холокостоос аврагдагч байсан ажээ. Хосууд Америк руу нүүн хоёр хүүхэдтэй болжээ. Америкт Ева үл хөдлөх хөрөнгийн зуулчлагчаар ажиллах болов. Амьдралынхаа туршид Мириам бөөрний өвчинд нэрвэгдсэн нь хүүхэд насанд нь хийсэн туршилтуудаас болжээ. Ева түүнд өрөөсөн бөөрөө хандивласан боловч Мириан 1993 онд бөөрний дутагдлаар нас барсан юм.  Тэр үед 59 настай байсан ажээ.

Эгчийнхээ үхлээс хоёр жилийн дараа Ева “CANDLES” нэртэй Нацистуудын туршилтанд хохирсон хүүхдүүдийн түүхийг мөнхлөх зорилготой музейг байгуулжээ. Энэ нь “Auschwitz Nazi Deadly Lab Experiments Survivors” буюу “Auschwitch үхлийн лабраторийн туршилтаас амь аврагдагчид” гэсэн үгнүүдийн хураангуй юм.

Өнөөдөр Ева боловсролын үйл ажиллагаа, лекц, удирдан чиглүүлэх ажилд идэвхтэй оролцогч ба 2 намтар ном бичиж, хэд хэдэн баримтат кинонд тогложээ.


Эх сурвалж: https://brightside.me/