Хүн төрөлхтний эдийн засгийн амьдрал ан агнуур, түүвэр, газар тариалан мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгаас өнөөдөр мэдлэгийн эдийн засаг гэсэн цоо шинэ эдийн засгийн соёл иргэншил рүү шилжиж эхэлж байна.

Дэлхийн дахинд мэдлэгийн эдийн засгийг хамгийн эрчтэй хөгжүүлж байгаа хүн ам цөөхөн, газар шороо багатай, байгалийн баялаггүй Израиль Улс дэлхийд мэдлэгийн эдийн засгаар тэргүүлж, тэдний мэдлэгийн эдийн засгийг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаас суралцан, эзэмших давалгаа аль хэдийн үүсээд байна.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх, түүний ололт амжилтыг харвал бусдын сайн сайхан амжилтаас суралцаж, бүтэл муутай үйл хэргээс сургамж авах зүйн хэрэг ажээ.

Израиль Улс өнгөрсөн хэдэн жилд Стартап Үндэстэн (Startup Nation)буюу Инновацийн Үндэстэн гэх ном хэвлэж, өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлахаас гадна мэдлэгийн эдийн засгийн хөгжлөөрөө дэлхий дахинд хэрхэн тэргүүлж буй үндэсний бахархал болсон ололт амжилтаа дэлхий нийтэд илэрхийлсэн юм.

Энэ үйл хэргийг Case Study (Бодит Судалгаа) болгож, Монгол хүн Монгол Улс яаж өөрийн 3 сая хүний нөөцийг хөгжлийн тулгуур болгож, дэлхийн хүн төрөлхтний нөөцөд дөрөөлж, мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх орон болж хөгжихөд түлхэц болох болов уу гэсэн үүднээс дараах орчуулгын нийтлэлийг цувралаар хүргэж байна.


Инновацийг хүн л хийдэг. Тийм чадвартай хүмүүсийг бэлтгэх боловсролын тогтолцоо

Израиль үндэстэн инноваци хийх гарамгай чадвартай байгаа нь хүнийг хэн болгох, ямар хүн болгох вэ гэсэн боловсролын нууцад нь байна.

Израилийн боловсролын тогтолцоо нь бусад улсуудын боловсролын тогтолцоотой тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг гэдгийг энэ удаагийн айлчлалаар ухамсарлалаа.

Бидний ажлын айлчлалын баг IDC гэдэг бизнесийн сургууль дээр очиход, тус сургууль нь өндөр цол зэрэгтэй раббиг (Еврей шашны санваартан) лекц уншсан юм. Энэ раббигийн тавьсан илтгэлийн нэр нь “Боловсрол хэрхэн Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?” гэсэн сэдэв байлаа. Энэ рабби цөөхөн хэдэн слайд бэлдэн ирж, бидэнд илтгэлээ тавьсан юм.

Image for post

Тэр Еврей шашны санваартан Еврей хүн болж төрсөн хэн ч бай нялх балчир цагаас нь эхлүүлж 2 номын хүмүүжлийг заавал өгдөг гэж хэлсэн. Нэг нь Хэбрү хэлэн дээрх Torah, нөгөө нь Talmud юм. Талмуд нь 2000 гаруй жил, үеэс үед рабби Еврей хүн болгонд зааж сургадаг эд. Тус ном нь 2 сая 500 мянган үгтэй маш зузаан ном. Үүнд Еврей үндэстний оюуны охийг үлгэр домгийн хэлбэрээр бичиж үлдээсэн байдаг.

Санваартан, Еврей хүн бүр нялх балчир цагаасаа л дээрх 2 номыг өөрийн биеэс салгахгүй нэг насаараа дахин давтан байнга санан суралцдаг. Ээжүүдийн нэгдүгээр хариуцлага бол хүүхдээ сайн боловсролтой болгох, эмэг эх нар нь ч ач зээ нарынхаа боловсролд анхаарах ариун үүрэгтэй гэж үздэг байна.

Тиймээс боловсрол бол Еврей эмэгтэй хүний хамгийн тэнгэрлэг, татгалзаж болохгүй үндсэн хөдөлмөр байдаг. Еврей гэр бүлийн боловсрол ямар ч түүхийн нугалаанд зогсож, тасраагүй үргэлжилсээр ирсэн. Тэгвэл нэг настай Еврей хүүхдийг яаж боловсролтой болгодог вэ гэхээр, Torah болон Talmud гэсэн 2 номыг ээж, эмээ нь ээлжлэн ярьж өгч, хүүхдийнхээ гүн оюун санаанд нь тултал тайлбарлаж өгдөг.

Еврей хүүхэд 1-5 насны хооронд энэ 2 номын бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж бусдад тайлбар хийж, давхар өөрийн бодол санаагаа ч илэрхийлж чаддаг чадвартай болгон хүмүүжүүлдэг байна. Үүний дараа 5 настай охид, хөвгүүд нарыг санваартнуудад хүргэж өгч тус 2 номыг үргэлжлүүлэн улам гүнзгийрүүлэн суралцуулдаг. Рабби буюу санваартантай уулзсан анхны өдөр хүүхэд бүр хамгийн шинэ хувцсаа өмсөж ирсэн байх ёстой. Энэхүү сургалт эхэлсэн эхний өдрийг эцэг эх нь хүүхдэдээ “Суралцана гэдэг жаргал шүү” гэдгийг л ойлгуулдаг. Раббигийн сургалтад анх ирсэн 5 настай хүүхдүүдийг бусад хүүхдүүд халуун дотноор хүлээн авч, хамтдаа шинийг олж мэдэж, суралцаж, шинэ мэдлэгийг мэдэж авснаар жаргалд хүрнэ гэдгийг ойлгуулдаг.

Түүний дараа эхний хичээлд хүүхдүүдэд цагаан толгой заадаг. Ингэхдээ цэвэрхэн чулуун хавтан дээр зөгийн балаар бичиж сургадаг. Тэгээд бичиж буй балаа хүүхдүүд эргээд долоож, идэж ч болдог. Эсвэл цагаан толгойгоо бичиж эхлэхээс нь өмнө чихэр өгдөг.

Үүгээрээ юуг хүүхдүүдэд ойлгуулж байна вэ гэвэл суралцана гэдэг зөгийн бал шиг дэндүү амттай юм гэдгийг ойлгуулах, төлөвшүүлэх зорилготой байдаг аж.

Цагаан толгой сурч, түүнийгээ холбож өгүүлбэр бичиж чадах хүртэл нь үргэлжлүүлэн чихэр өгдөг ба үүний дараа Еврей хүүхдүүдэд тэгш эрхтэйгээр суралцахын чухлыг ойлгуулдаг.

Жишээ нь нэг хүүхдийн уншсан зүйлийг өөр хүүхэд тайлбарлах замаар харилцан нэгнээ хүлээцтэй сонсож, хамтдаа санал бодлоо солилцон тухайн зүйлээ гүнзгий ойлгож авдаг байна. Үүнээс гадна рабби нар хүүхдүүдийг Ехүват (Еврейн Тэнгэр) болон Библид хэрхэн асуулт тавьж, бүх зүйлд нухацтай хандан, шүүмжлэлийг зөв дэвшүүлэх ухамсарыг хөгжүүлдэг.

Еврей хүмүүс үүгээр дамжин зөв шүүмжлэлийн соёлд суралцан, боловсролтой болж, уг соёлыг бага наснаасаа эхлүүлэн төлөвшүүлдөг байна. Мөн сургаал номлолыг шууд цээжилж болохгүй гэж уг чанараас нь нухацтай ханддаг ухамсартай байхыг хүүхдүүдэд ахин дахин сургаж өгдөг. 

Еврей хүний оюуны гайхамшиг бол бага балчир наснаас суурь хүмүүжил болгон төлөвшүүлж юманд зөв талаас шүүмжлэлтэйгээр асуудалд хандах ухамсарт байдаг гэж бидэнд тавьсан илтгэлээ дуусгасан.

Бидэнд илтгэл тавьсан хоёр дахь хүн бол 2004 онд химийн салбарт Нобелын шагнал авсан Aaron Ciechanover байлаа. Тэр хүн илтгэлээ ийн эхлүүлсэн юм.

Миний ээж намайг ингэж сургасан. “Урсаж байгаа голд орвол хүү минь чи нэг бол урсгал дагаад явна, нэг бол урсгал сөрөн давшина. Гэвч миний хүү урсгалыг ямагт сөрж байнга давшиж явах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Энэ хүмүүжлийн үгс миний нэг насны амьдралын соёл, ухамсар болж төлөвшсөн. Ээжийн 2 дахь сургаал нь “хүмүүсийн болохгүй гэсэн зүйлийг огоорч чи өөрөө болгоно гээд хийж чадаж байвал харин ч эсрэгээрээ амар байдаг” гэж хэлдэг байсан.

Намайг сургуулиа тараад гэртээ харих замд, ээж маань надаас сургууль дээр нь юу заасан, юу сурсан, онц авсан уу гэж хэзээ ч асуудаггүй байсан. Харин ээж минь “Өнөөдөр чи ямар асуулт багшдаа тавьсан , өөрт үр өгөөжтэй асуулт тавьж чадав уу” гэж байнга асуудаг байсан. Энэ 2 асуулт бол миний амьдралд юугаар ч сольж болохгүй үнэт эрдэнэ мэт заавар байсан юм.

Еврей хүний боловсрол, үндсэн хүмүүжил нь хүүхдэд бага балчир үеэсээ өөрөө ухамсарлан, өөрийн оюунаа хөгжүүлэх идэвхитэй байх талаар нь хүмүүжил олгох хэрэгтэй болохоос, хүчээр шахалт дарамт үзүүлж хий хоосон мэдлэгт цээжлүүлэн суралцуулах нь буруу хэрэг гэж үздэг.

Еврей хүүхдийг аливаад сониуч байх, асуултад автомат, цээжээр хариулт өгснөөс илүүгээр асуулт дэвшүүлж сурах нь цаашдаа цэцэн цэлмэг хүн болж төлөвших нууц юм гэж сургадаг.

Бас нэг баримталдаг нэгэн зарчим байдаг аж. “Эх орны чинь хүн дээрэмдэж авч болно. Эд хөрөнгө, алт, мөнгийг чинь ч хүн авч болно. Харин чиний толгойдоо хийж эзэмшсэн мэдлэгийг чинь хэн ч чамаас булаан авч чадахгүй, чамаас аваад явчихаж чаддаггүй зүйл бол тэр” гэж бага балчир цагаас нь зааж, хүмүүжүүлдэг байна.

Еврей хүний бас нэгэн боловсролын нууц бол ямар ч капиталаар хүний капиталыг (Human Capital) сольж болохгүй. Хүн капитал бол яаж ч халдаж болдоггүй мөн юугаар ч сольж болохгүй капитал байдаг гэдгийг бага наснаас нь сурган хүмүүжүүлдэгт байдаг хэмээн тэрээр илтгэлээ дуусгасан билээ.