Өнгөрсөн Ням гаригт Европын Комиссийн Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Оросын иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудад Европын холбооны агаарын орон зай хаалттай гэж зарласан билээ.

Ийнхүү Оросын онгоцнууд Европын нутаг дээгүүр дамжин өнгөрөх, хөөрөх, газардах боломжгүй болж байна.

Үүний хариуд ОХУ Британийн зорчигч тээврийн онгоцуудыг Оросын агаарын хилд нэвтрэх, нисэх буудалд газардахыг хориглолоо. Уг хориг хамгийн ихдээ гурван сар үргэлжилж магадгүй гэж шинжээчид үзэж буй.

Оросын төрийн өмчит Аерофлот компаниас гадна S7 хувийн иргэний агаарын тээврийн компанийн нислэгүүд гуравдугаар сарын 13 хүртэл Европын бүх нислэгээ цуцалсан байна. Уг хоригт мөн Оросын олигархуудын хувийн онгоцнууд багтжээ.

АНУ хараахан дээрхтэй ижил шийдвэр гаргаагүй байгаа ч Канад улс хоригт нэгдсэнээс болж АНУ-руу хийх нислэгт саад гарсан юм.Өнгөрсөн Ням гаригийн Москва-Нью Йоркийн найман цаг үргэлжилсэн нислэг дундаасаа буцсан байна.

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн УБ-Москва-Франкфурт нислэг хэвийн байна гэж өнөөдөр тус компаниас мэдэгдлээ.