Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүргийн “Сэлбэ” дэд төвд  дулааны станц барихаар болсон. Өнөөдөр тус дулааны станцын шав тавих ёслол боллоо. 

Ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурын төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатар төдийгүй Монгол улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох ажил юм. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг  зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй  хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хотруу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэдгийг онцоллоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Сэлбэ дэд төв төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурч, дэд бүтэц инженер, нийгмийн олон байгууламж байгуулагдаж, тухайн бүсийн оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах, төрийн олон талт үйлчилгээг авах боломжтой болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оршин суугчдын оролцоо, дэмжлэг, идэвх санаачлага чухал юм” гэв.

Чингэлтэй дүүрэгт тус дулааны станцыг барьсанаар Долоон буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох юм.

Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна.