Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр эхлүүллээ.

Сүр жавхлан бүрдсэн хүндэт харуулууд Есөн хөлт цагаан тугийг "Төв цэнгэлдэх" хүрээлэнд залж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснээр Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга наадмыг нээж хэлсэн үгэндээ  "Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа" гэдгийг онцоллоо.

Наадмын нээлтэд зориулсан урлагийн үзүүлбэрүүд Монголын түүх, ахуй, ёс заншил, уламжлалыг орчин цагтай хослуулснаараа наадамчин олны сэтгэлийг ихэд хөдөлгөж, Үндэсний эв нэгдлийн гол дархлаа нь МОНГОЛ НААДАМ гэдгийг батлан харууллаа. 

Хүн бүрийн сэтгэлд эх түүх, үндэсний уламжлалаараа бахархах омогшлыг төрүүлж, огшоож, цөөнгүй наадамчин баяр, бахарлын нулимс дуслуулсан утга, уянга төгөлдөр урлагийн тоглолтоор эхэлсэн ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ийнхүү үргэлжилж байна.

Монгол түмэн минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.


Үндэсний их баяр наадмын нээлтээс гэрэл зургаар хүргэж байна