Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.

Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд өрсөлдөж, Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медаль хүртсэн юм.

Түүнийг үр хүүхдүүд, ах дүү нар, Өмнөговь аймгийнхан мөн Кёкүшюүзан Батбаяр нар угтлаа.

Тэрбээр өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирсэн юм. 30 гаруй жил спортоор хичээллэн биеийн тамирын багшаар ажилласан тэрбээр Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Гэсэн хэдий ч спортоо орхиогүй өглөө, оройдоо заавал дасгал хийж заншсан, долоо хоногтоо хоёр ч удаа бүжиглэхээр явдаг гэнэ.

Олон хүн хүлээн авсанд сэтгэл догдолсон түүний талаар дүү нь "Ах маань биднийг бага байхад сугавчлаад уул руу алхдаг байсныг мартдаггүй, хүүхдүүдээ ч гэсэн багаас нь спортоор хичээллүүлж байлаа" хэмээн сэтгүүлчдэд инээмсэглэн ярьж байлаа.