Чингис хааны залгамжлагч алтан ургийн хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Хубилай хаан ба Монгол жанжид" тусгай үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ. 

Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлжээ. Тэрээр эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан юм.

Тус үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Юань гүрний үед холбогдох үнэт үзмэрүүдээс дээжлэн толилуулж байна.

Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл. 

Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэснээрээ онцлог юм.

Үзэсгэлэн 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй.


Тус үзэсгэлэнгээс гэрэл зургаар хүргэж байна.