Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр тохиож байна. Энэ өдөр "Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос санаачлан Багш нарын онц их хурлыг зохион байгууллаа. Онц их хуралд оролцсон багш нар Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газарт хүргүүлсэн багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагад тодорхой шийдэлтэй хариу өгөөгүй гэж багш нар үзэн тэмцлийн арга хэмжээнд шилжээд байгаа. Тэд өнгөрсөн сарын 21, 26-ны өдрүүдэд сануулах ажил хаялт зарласан бөгөөд өнөөдөр Онц их хурал зохион байгуулж, чимээгүй суулт хийлээ. 

Чимээгүй суултын дараа багш нар Монгол Улсын шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин цалин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэх юм байна. Хэрэв уг шаардах бичгийн хариуд цалинг нэмэгдүүлэхгүй гэвэл энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ.