Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяны талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушигны хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч учраас Эрүүл мэндийн яамнаас уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. 

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг 2016 оноос хойш хийж эхэлсэн ба энэхүү вакциныг 2,4,9 сартай хүүхдүүдэд хийдэг байгаа. Энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн бүх дүүргийн хүүхдийг тус вакцинд хамруулж эхлээд байна. Мөн 2019 онд ч гэсэн улсын хэмжээнд тус ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэлээ. 

Маскжуулах аяныг өрнүүлсэн дуучин М.Амарсанаа "Урлаг соёлын төлөөлөгч, зарим аж ахуйн нэгжтэй хамтран маск түгээх аяныг өрнүүллээ. Одоогоор бид нийт 1,000 гаруй маскийг цуглуулан цэцэрлэгийн багачуудад тараагаад байна. Энэ удаа хоёр удаагийн шүүлтүүртэй буюу 14 хоног хэрэглэх маскийг багачууддаа тараалаа. Зарим сургууль цэцэрлэгийн эцэг эхчүүд хүүхдүүдээ маскаар хангасан байна. 

Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэгийн эцэг эхчүүд хамтран бүх хүүхдээ маскаар хангасан байна. Тийм учраас бусад эцэг эхчүүдийг хүүхдээ маскаар хангахыг хүсч байна" гэв.