Канад улсад төрийн айлчлал хийж, тус улсад болох "Их Долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор лхагва гарагт Оттавад хүрэлцэн очсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо угтан авч уулзсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Францын ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш Э.Макрон Канадад анх удаа айлчилж буйг Ж.Трюдо онцлон тэмдэглээд, “Олон улсын тавцанд Франц нь Канад улсын найрсаг дотно харилцаатай сайн түнш” гэж мэдэгдэв.

"Их Долоо"-гийн энэхүү дээд хэмжээний уулзалт нь онцгой чухал үед болж байгаа бөгөөд эдийн засгийн чиглэлээр хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болон геополитикийн асуудлуудаар хамтран ажиллах таатай боломж бүрдүүлнэ хэмээн найдаж байна гэж Э.Макрон тэмдэглэсэн байна.

Франц нь Канад улсын хувьд худалдааны ес дэх том түнш бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудаас дөрөвт ордог экспортын том зах зээл ажээ. 2017 оны байдлаар Канадаас Францад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 6.1 тэрбум ам.доллар байсан бол Францаас Канад руу 6.3 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Канад улс 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс "Их долоо"-г даргалж байгаа ба уг бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын 8-9-нд Квебек хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг