Фруктоз сахараас 1.5 дахин чихэрлэг ч инсулины ялгаралтад нөлөөлдөггүй учир бид сахарыг фруктозоор орлуулах нь аюулгүй хэмээн олон жилийн турш бодож явсан. Фруктоз цусан дахь сахарын агууламжийг огцом нэмэгдүүлдэггүй нь үнэн.  Гэхдээ фруктозыг хэр их хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалж хүний биед сайнаар эсвэл муугаар нөлөөлнө. Иймд чихрийн шижинтэй хүмүүс сахарын оронд фруктоз хэрэглэх нь тохиромжгүй юм. 

Фруктозын хэт их хэрэглээ дараах хортой нөлөөтэй: 

  1. Глюкоз биеийн бүх эрхтэнд хэрэгтэй. Харин фруктозыг тархи, булчин болон бусад эд, эрхтнүүд шимэгдүүлж чаддаггүй тул фруктоз зөвхөн элгэнд очиж задардаг. 
  2. Элэг өдөрт зөвхөн тодорхой хэмжээний фруктозыг задлах чадвартай. Иймд илүүдэл фруктоз өөх болон үлддэг. Фруктозыг задлахад маш их ажиллагаа шаарддаг тул элэг ачааллаж, үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. 
  3. Фруктоз инсулины ялгаралтад нөлөөлдөггүй. Улмаар бодисын солилцоо алдагддаг. Хоол идсэний дараа нүүрс ус хэрэглэсний хариу урвал болж инсулин ялгарч байх ёстой. Инсулин эсүүдэд глюкозыг аваачихаас гадна хэр их хоол идсэн, хэзээ зогсох гэсэн дохиог өгч байдаг. Инсулин ялгараагүйн улмаас хүний бие хэзээ зогсохоо мэдэхгүй идэж, улмаар таргалалт үүсдэг.  
  4. Фруктозын хэт их хэрэглээний улмаас хоолны дуршлыг зохицуулдаг лептин гормонд дасал үүсдэг тул хүн хэт их идэх хандлагатай болж улмаар илүүдэл жинтэй болдог. Фруктозыг амьтдад идүүлэхэд тэд хоолны дуршлаа хянах чадваргүй болж зогсоо зайгүй идэж байжээ. Фруктозын хэрэглээг багасгахад лептинд мэдрэг чанар дахин сэргэх боломжтой. Иймд нүүрс усны хэмжээг багасгасан (фруктоз багатай) хоолны дэглэм сахивал илүүдэл жингээ хаяж чадна. 
  5. Фруктоз өлсөх эсвэл ханасан мэдрэмж төрүүлдэггүй. Иймд хүн энгийн сахароз идсэнээс фруктозтой хүнсийг их идэх хандлагатай байдаг. 
  6. Таргалалт үүсгэдэг. Фруктозын 30% нь өөх болон хуримтлагддаг. Тухайлбал, та энгийн чихэр идсэний дараа цусан дахь глюкозын түвшин нэмэгдэнэ. Та хөдөлгөөн хийж, хэсэг алхсны дараа глюкоз шатдаг. Харин фруктозтой печень идвэл фруктоз өөх болж хувирах ба хуримтлагдсан өөхийг шатаахын тулд маш их дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй болно. 
  7. Удаан хугацаанд хэт их хэрэглэхэд бодисын солилцооны хам шинж болон бусад олон төрлийн өвчин (таргалалт, элэгний өөхлөлт, гэдэс цочролын хам шинж г.м.) үүсгэнэ. 

Харин фруктозын агууламж өндөр байдаг жимс, жимсгэний хэрэглээг багасгах шаардлага байхгүй. Учир нь жимсэнд фруктозоос гадна олон төрлийн тэжээллэг бодисууд агуулагддаг тул фруктозын муу нөлөөг дарангуйлдаг.  

Фруктозын хэрэглээг багасгах нь турахад нөлөөлдөг үү?

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийгджээ. Жеймс Риппе тэргүүтэй судлаачдын олж тогтоосноор турахын тулд энгийн сахар эсвэл фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шиш хэрэглэхэд ямар ч ялгаагүй гэнэ. 

Выключатель жира: Идеальный «вес» не всегда зависит от килограммов

Сахар эсвэл фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп хэрэглэсэн эсэхээс үл хамааран бага илчлэгтэй хоолны дэглэм сахиж байсан хүмүүс илүүдэл жингээ яг ижил хэмжээгээр хаяж байсан. Уг судалгаанд илүүдэл жинтэй 267 насанд хүрэгчид оролцжээ. Санамсаргүй түүврийн аргаар тэднийг бүлэг болгон хувааж, дараах 4 төрлийн бага илчлэгтэй хоолны дэглэм сахиулж байсан: 

  1. Нийт илчлэгийн 10% нь сахар буюу сахароз 
  2. Нийт илчлэгийн 20% нь сахар буюу сахароз 
  3. Нийт илчлэгийн 10% нь фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп 
  4. Нийт илчлэгийн 20% нь фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп 

Нийт авах илчлэгийн хэмжээнээс 500 ккал-аар бага илчлэг бүхий хоолыг өдрийн турш өгч байсан бөгөөд бүх бүлгүүд биеийн тамирын дасгал хийж байсан. 12 долоо хоногийн дараа бүх бүлгүүд ижил хэмжээний жин хаясан байжээ. Иймд жингээ хасахад фруктозын эсвэл сахар байхаас үл хамааран, өдөрт авах нийт илчлэгийн хэмжээг багасгах нь гол нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.