БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн замын хөдөлгөөний нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто зам бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамрагддаг. Тус авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбох гол гарц авто зам юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 2 эгнээ, 7 м өргөнтэй зорчих хэсэг бүхий, цементбетон хучилттай авто замыг БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд 1958-1959 онуудад Хятадын зам барилгын компани барьж ашиглалтад оруулсан.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж ийнхүү ашиглалтад оруулж байна.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компани Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК зэрэг нийт 3 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд авто замын трассын эхлэлээс 5.3 км-ыг “Дардан говь” ХХК, 4.7 км-ыг  “Тэгш плант” ХХК, 5 км-ыг “Гашууны гол” ХХК, төгсгөл хэсгийн 5.96 км-ыг Синохайдро Корпорейшн Лимитед компани тус тус хариуцан ажиллаж байна.

Энэхүү төслийн барилгын ажилд хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК гүйцэтгэж, нийт 320 хүн /Хятад ажилчид-64, Монгол ажилчид-256/, нийт 137 ширхэг машин механизм, тоног төхөөрөмж байршин ажиллажээ.