Монголчууд дэлхийн олон оронд ажиллаж амьдарч, сурч байгаа билээ. Тэгвэл та тэднийг аль улсад амьдарч, юу хийдэг талаар мэдэхийг хүсэж байна уу? 

Энэ удаа бид гадаадад амьдардаг монгол "youtube"-чидийг онцолж байна. Тэд хаана, юу хийдэг талаараа болон өөрийн амьдралын хэв маяг, гадаадад ажиллаж, сурахад юуг анхаарах, хэрхэн хэл сурах, дэлхийн чиг хандлага, тухайн орны онцлог, сонирхолтой зүйлсийн талаар Youtube сувгаараа хуваалцдаг. Мөн эх орны үнэ цэн, эх орноо, ээж аавыгаа санасан сэтгэлийг ч зарим бичлэгээс нь мэдрэх болно.


1. Binny TV 

Япон улсад сурч ажилладаг оюутан охин. Тэрээр ихэвчлэн Япон улсад болсон гэмт хэргүүдийн талаар бичлэг хийдэг төдийгүй тухайн улсын соёл, өдөр тутмын амьдралын хэв маягийн талаар бичлэг хийдгээрээ онцлогтой. 


2. Wish and Wings Family 

Австрали улсад ажилладаг залуу хосууд. Тэд эх орноосоо гараад хэдийн 10 жилийг үдсэн аж. Тэд ихэвчлэн англи хэлээ хэрхэн сайжруулах, Австрали улсад хэрхэн ажиллах талаар болон өөрсдийн  амьдралын хөгжилтэй мөчүүдээс хуваалцдаг. 


3.  Dermee & Khongoroo

Герман улсад ажиллаж амьдарч буй гэр бүл. Тэд ихэвчлэн Герман улсын их сургууль, дотуур байр болоод хэл хэрхэн сурах талаар мэдээлэл өгдөг. Хэрвээ та Герман улсад сурахаар төлөвлөж байга бол тэдний суваг танд тохирно. 


4. Khulan Ider 

Швед улсын Стокгольм хотод гэр бүлийн хамт амьдардаг монгол бүсгүй. Тэрээр 6 настайгаасаа хойш тус улсад амьдарч байгаа аж. Анх нүүр будах сонирхолдоо хөтлөгдөн сувгаа нээж байсан хэдий ч гэмт хэрэг болоод, тренд бичлэг, өдөр тутмын амьдралын хэв маяг зэрэг олон төрлийн бичлэг хийдэг болжээ.


5. 그레이스 최Grace Choi 

Солонгос улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг Монгол бүсгүй. Тэрээр солонгос нөхөртэй бөгөөд хоёр өөр улсын иргэд хайр сэтгэлээр холбогдож, аз жаргалтай амьдарч болдог гэдгийг баталж буй хос юм. Тэд өдөр тутмын амьдралын хөгжилтэй, дурсгалтай мөчүүдээ хуваалцдаг төдийгүй нүүр будалт, арьс арчилгааны талаар бичлэг хийдэг.   


6. Nomikuu

АНУ-ын Виржиниа мужид суралцдаг дэггүй, залуухан, зоригтой оюутан охин. Хэрвээ та "bullet journal" хэв маягаар тэмдэглэл хөтлөхийг хүсдэг, эсвэл хөтөлдөг мөн зураг зурах сонирхолтой бол түүний сувгийг дагаарай. Хэрэгтэй мэдээлэл авахаас гадна, түүний эрч хүчийг мэдэрч, түүнээс суралцах болно. 


7.MAYKA VLOG

Солонгос улсад стилист мэргэжлээр ажилладаг Монгол бүсгүй. Тэрээр мэргэжлийн стилист төдийгүй, арьс арчилгаа, хувцаслалтын талаар бичлэг хийдэг. Хэрвээ та өөрийнхөө биеийн галбирт тохируулан хувцаслаж, биеийн онцлогоо мэдэхийг хүсвэл түүний өнгөлөг сувгийг дагаарай. 


8. Mongolian Youtuber Tushig 

Энэ жагсаалтад оруулахгүй байж боломгүй хүн бол мэдээж Түшиг. Тэрээр Франц улсад ажиллаж амьдардаг. Түүний сувгийн онцлог нь ихэвчлэн танин мэдэхүйн талруу чиглэсэн бичлэг оруулдаг төдийгүй эвгүй баримтууд цуврал бичлэгээрээ хэдийн танил болсон. 


9. KHULAN & SAM 

Нэгэн цагт олон хүнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, уярааж чадсан Universe best song нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийн нэг Хулан болон түүний сүйт залуун хөгжилтэй, хэрэгтэй , хайр мэдрэгдсэн, эерэг бичлэгүүдийг үзэхийг хүсвэл тэдний сувгийг дагаарай. Тэд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байна. 


10. Suwdaa Sherwood 

АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг бүсгүй. Тэрээр заяаныхаа ханиар Америк залууг сонгосон төдийгүй аз жаргалтай амьдарч байна. Тэд өдөр тутмын амьдралын хэв маяг болоод эмэгтэйчүүдэд дэм өгсөн зөвлөгөөнүүд оруулдагаараа онцлогтой.