Гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл өглөө. 

Долдугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу нэг, БНСУ руу шууд нэг, БНСУ руу транзит нислэг нэгийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар шийдвэрлэлээ. Ингэснээр долдугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчирна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10.513 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 нь өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна. 

УОК-оос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. 

Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Мөн олон улсын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэнээ агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Захиалгат нислэгт эхний ээлжид багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж.  

Иргэд УОК-ын Шуурхай штабын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боломжтой.

Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, "ковид-19"-ын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан хийгдэж буй ажил гэдгийг Эрүүл мэндийн сайд онцлов.  

Хэдийгээр ард иргэдээс төрөл бүрийн гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаал цуглаан хийж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авалтыг эрдэмтэн судлаачид, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ХӨСҮТ-ийн мэдээлэл, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж зэрэг бүх талын асуудлыг судлан тэнцвэржүүлж хийнэ гэдгээ Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Дэлхийн 35 улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед дотооддоо халдвар алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад эрсдэл маш өнпөр байгаа учир болгоомжтой ажиллах ёстой гэв.

Мөн ОУ-ын санхүүжилт, дэмжлэгээр Чех Улсаас тус улсын онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасныг бүх талаар дэмжиж, дипломат түвшинд шийдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. 

Харин АНУ болон Польш Улсаас онгоц түрээсэлж ирэх асуудлыг иргэд тавьж буй ч Монгол Улсын тусгаарлалтын дэглэм зөрчигдөх, хүлээж авах хүчин чадал, иргэдэд ногдох төлбөр хэт өндөр байгаа зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүсч буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. 



Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс