Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт осол гэмтэл ордог. Осол гэмтлийн төрлүүд дотроос зам тээврийн ослын шалтгаант нас баралт насанд хүрэгчдийн дунд тэргүүлж байгаа бол хүүхдүүдийн дунд уналт, түлэгдэлтийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. 

Тухайлбал Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2018 онд Монгол Улсад осол гэмтэлт өртөн 2920 хүн нас баржээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа хэдий ч осол гэмтлийн гаралт ихсэж байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох осол гэмтлийг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ойр хамтран ажиллаж буй.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Манай улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл зөвхөн 2018 онд  зам тээврийн осол, гэмтлээр 52 хүүхэд амь насаа алдсан нь осол, гэмтлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын хүчин чармайлтаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нь нэн чухлаар тавигдаж байна” хэмээлээ.