П.Мөнгөнсор
01 сарын 04, 2024
Өнгөрсөн даваа гарагт Японы төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, ихээхэн гарз хохирол учрууллаа. Ялангуяа газар хөдлөлтийн голомт болсон Ишикава мужийн ихэнх байшин барилга сүйдэж, нуранги үүссэн нь аврагчдын ажилд хүндрэл үүсгэж байгаа юм.
Харамсалтай нь энэхүү гамшгаас үүдэн амиа алдсан хүний тоо 77-д хүрсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна хэмээн албаныхан мэдээлжээ.
Нас баралт хамгийн их бүртгэгдсэн Важима тосгонд гэхэд цахилгааны утас гэмтэж, байшин барилгууд галд автжээ. Түүнчлэн Японы баруун эрэгт орших Ното хойгийн барилга байгууламжийн 90 хувь нь сүйдсэн гэж хотын захирагч Масухиро Изумия мэдэгдсэн байна.
Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир их бага хэмжээгээр газар хөдлөх нь хэвийн үзэгдэл ажээ. Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 500 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Гэвч энэ удаагийнх шиг хүчтэй гамшигт үзэгдэл 20 мянган хүний амийг авч одсон 2011 оны аймшигт цунамигаас хойш тохиогоогүй билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.