Гэр бүл болж, насан туршийн харилцааг тийм ч хялбархан тогтоодоггүй. Сэтгэл хөдлөлөөс болж ахар хугацаанд шийдвэр гаргаад удалгүй зам нь салах явдал элбэг. Нэг нэгнээ танихын тулд хосууд болзож, хамт цаг өнгөрөөдөг. Гэвч нэгнээ сорих цаг хугацаанаас илүү сорил байдгийг мэдэхэд илүүдэхгүй.  

Доорх нь гэрлэж, гэрээ нэгтгэхээс өмнө хосуудын хамт үзэж туулах ёстой зүйлс юм. Гэхдээ бүх харилцаа адилгүй бөгөөд зөвхөн зөвлөгөө гэдгийг санаарай. 

1 Холын аялалд гарах

Гадаад орноор уу, Монголын тал нутгаар уу гэдэг нь хамаагүй. Аялалд гарч нэг нь нөгөөдөө итгэл найдвар хүлээлгэхэд суралцана. Түүнчлэн тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх, шийд гаргах зэрэг нь нэгнээ танихад тус болно. Мөн хол газар танд хэрхэн хайр халамж үзүүлэх нь сонирхолтой биш гэж үү. 

2 Ширүүн маргааныг шийдвэрлэх

Та хоёр өөрсдийн үзэл бодлоо эелдгээр илэрхийлж чаддаг уу? Нэг рүүгээ дайрч давшлахгүй, буруутгахгүй, биеэ өмөөрөлгүйгээр санал зөрөлдөөнөө шийдвэрлэдэг үү? Эсвэл уурлаж бухимдсан ч арагш нэг алхаад, гүнзгий амьсгаа аваад тайвширч чаддаг уу? Хосын аль алинд нь тааламжтай шийдэлд хүрдэг үү? Нэг нэгнийхээ ялгаатай тал, зөрчилтэй нүүр тулах нь урт хугацааны харилцааны томоохон суурь болдог. Уулзаж байхдаа жижиг зүйлээс болж маргалддаг бол, насан туршдаа хамт амьдрахад дээрдэнэ гэж байхгүй. 

3 Гэр бүл, хүүхэд насныхаа талаар ярилцах

Таны ирээдүйн эхнэр, нөхөр хэн болох, тэдний үнэ цэнэ, итгэл найдвар нь юу болохыг ойлго. Нэгнийхээ түүх намтар, гэр бүл, гэр бүлийнхнийх нь дуртай болон дургүй зүйлс гэх мэт. Тэд нээлттэй хүмүүс үү, хаагдмал нэгэн үү. Гэрлэлт чухал уу, ар гэр чухал уу? Энэ бүгдийг мэдсэнээр хамт амьдрахад хялбар болох болно. Гэрт нь очиж үзсэн ч болно шүү дээ.

4 Санхүүгээ голдоо барь

Мөнгө санхүү бол гэр бүлийн маргаан үүсгэх №1 шалтгаан гэдгийг та мэдэх үү? Гэрлэхээсээ өмнө та хамтрагчийнхаа санхүүгийн сахилга бат, зөв зарцуулалтыг заавал мэдэх хэрэгтэй. Үүний тулд энэ долоо хоногт гаргахыг хүссэн зардал хамт гаргаж, үүнийгээ танаж чадах эсэхээ сорьж болно. 

5 Хүндхэн асуудал туулах

Тухайлбал, ажлаасаа халагдах, эрүүл мэнд муудах, сэтгэл шаналгасан асуудал зэргийг хамт туулах. Амьдралд тулгарсан асуудлуудын архи ууж, мансуурч, наргиж, эсвэл өдөржин өөрийгөө завгүй байлгаж шийдэх яав ч зөв хандлага биш. Хэрэв таны хайртай нэгэн асуудлаа иймэрхүү байдлаар мартаж өнгөрөөдөг бол та түр азнаад бодох хэрэгтэй. Гэрт хэрүүл маргаан гарахад шоудаад алга болдог, эсвэл фэйсбүүк, инстаграм эргүүлдээд л суугаад байвал тэр асуудал. Тиймээс асуудал, шаналлаа хэрхэн цэгнэж, нүүр тулж, давж байгааг нь сайн ажиглаж, тусалж, зөв хандлагыг заах хэрэгтэй.

6 Сексийн талаар нээлттэй ярилц

Хосуудын сексийн амьдралд оргил үе, хоосон хөндий үе байх хэвийн үзэгдэл. Гэвч хөндий үе нь хэт удаан үргэлжилбэл асуудал үүсчээ гэж ойлгоно. Хэрэв таны хамтрагч амраг хайртаас илүү хамтран амьдрагч шиг санагдах болсон бол дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй. Юунаас болоод хөрөв, түүний дур хүслийг өдөөдөг зүйл юу болох, туршилт болон давтамж зэргээ тохиролцож болно. Ирээдүйд сексийн давтамж холдох тусам үл ойлголцол, гоморхол, бухимдал зэрэг нь гэр бүлийн харилцаанд нэмэгддэг.