Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан бид Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн малчин, аймгийн аварга малчин Д.Төмөрбаатар түүний гэргий Р.Батдэлгэр нарыг зочноор урьсан юм. 

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Энэхүү түүхээсээ хуваалцаж ярилцлагаа эхлэе?

Д.Т: Миний хань Есөн зүйл сумын Худалдаа бэлтгэл ангийн дарга Раднаа гэж айлын охин. Эднийх манай эмээгийнтэй ойролцоо учраас хааяа ирж очдог, орж гардаг байлаа, яваандаа бие биедээ татагдсан. 

Р.Б: Анх ирж очихоор нь юм боддоггүй байсан. Сүүлдээ сэтгэлээ илчлэхээр нь надад хайртай болж дээ л гэж бодсон. Яагаад ч юм манай аав ээж хоёр орж гарч байхад нь ерөөсөө ч дургүйлхээгүй л дээ. Түүнээс биш өөр хүн гуйхаар “Яах гэсэн юм” гээд аашилдаг байж билээ. 


-Хуримаа хийсэн үү?

Р.Б: Хийлгүй яахав. Монгол ёсоороо ах дүү нараа цуглуулаад ёсолцгоосон. Хуримын өдөр маань адал явдалтай. 

Манай хүн тэр өдөр өглөө 11 цагт ирнэ гэж тохирсон юм. Гэтэл ирдэггүй ээ. Хөдөөний улс яахав, олбогоо дэвсэж, идээ тавгаа засаад, хүлээгээд байдаг. Таг чиг.  Үдээс хойш нь ч намайг авахаа больж байгаа юм байлгүй л гэж бодсон.  /инээв/ 

Саахалтын айлд очоод үеийнхэнтэйгээ дэмий яриад л суучихлаа. Гэтэл 5 цагийн үед аав ээж хоёр маань дуудсан. Ингэж аав ээж хоёр минь намайг үдэж, би чемодантай хувцсаа аваад л айлын хүн болж байлаа.

Бичлэг үзэх: 


-Та яагаад цагтаа ирээгүй юм бэ?

Д.Т: Тэр үед морь мал гэхээс унаа ховор байсан үе. Ява мотоциклтой хүн гуйгаад өөрөө бас явагаа уначихсан. Бас нэг мотоциклтэй удчихсан хэрэг. Ингээд ханийгаа аваад давхиж байлаа.

Манай хүн намайг өглөө эрт ирнэ гээд намайг зөндөө их хүлээсэн юм шиг байгаа юм. Тэр үе сэтгэл санаанаас гардаггүй юм.


-Айлын хүн болох үед ямар мэдрэмж төрж байв? 

Р.Б: Цаснаар мотоциклтэй явж байхдаа сэтгэлд их л юм бодогддог л юм билээ.

Яаж хөдөөний амьдралд дасна даа л гэж хамгийн түрүүнд бодсон. Нэгнээ гэсэн сэтгэл, ажил хичээнгүй зан байхад амьдрал аандаа болж бүтдэг юм билээ.


-Ханийнхаа ямар зан чанарыг хүндэтгэдэг вэ?

Д.Т: Миний хань үнэхээр сайхан сэтгэлтэй, ажилсаг хичээнгүй бүсгүй.

Р.Б: Миний нөхрийн хамгийн хүндэлдэг чанар бол хөдөлмөрч. Аливаад хурдан шуурхай.

-Хамтын амьдралаасаа сурч мэдсэн, залуу хосуудад онцлон хэлэх зүйл?

Д.Т: Намайг уурласан үед манай хүн үг сөрж дуугардаггүй. Хань минь уурлахад би ч бас дуугаа хураачихдаг. 

Тэгэхээр нэгэндээ хүлээцтэй хандах нь чухал гэж боддог. Ямар ч үед эхнэр нөхөр хоёр нэгнээ мэдэж, мэдэрдэг л байх ёстой. Хүнд зовох, жаргах ч үе бий. Тэр бүхэн дээр нэгнээ ойлгож, нэгнээ тулж түших нь амьдрал шүү дээ.

Р.Б: Хоёулаа нэгэн зэрэг ажиллаж, амьдралынхаа төлөө зүтгэж, ажлын ард гарч байж л амьдрал утга учиртай болно гэж боддог. Түүнээс биш нэг нь л ажиллаад нөгөө нь “Би тэгэхгүй, ингэхгүй” гээд уурлаад байвал яаж хамтын амьдрал бий болох вэ дээ. Бас хоёр биенийхээ дутагдлыг ойлгодог байх чухал.


-Ханьдаа хайртай гэж хэлдэг үү?

Д.Т: ”Хайртай, хайртай” гээд хэлээд байх нь яахав. Гол нь дотроо чин сэтгэлтэй л байх учиртай.  Хамгийн гол нь үйлдлээрээ л үнэн сайхан байх ёстой гэж боддог.


-Малчин хүний хөдөлмөр амаргүй. Хамгийн хэцүүг нь онцолж хэлэхгүй юу?

Д.Т: -Малчдын амьдрал хүнд бэрх зүйлс мундахгүй Ойрын хэдэн жил хур бороо багатай малын бэлчээр даац хэтэрснээр отор нүүдэл ихэссэн. Бид мал сүргээ тарга тэвээрэгтэй, онд мэнд оруулахын тулд цаг агаар тогтуун, нутаг орныг сонгон малаа оторлуулдог. Өнгөрсөн зун зуншлага сайхан болж, өнтэй сайхан өвөлжиж хаврын сардаа золголоо. 

Хахир хатуу өвлийг, оторын аян замыг ганцаараа давж гарахгүй, ханьтай бүлтэй байж л давж гардаг даа. 

Р.Б: -Тэнгэр хангай муу үед уруудсан малынхаа хойноос явна. Хонон өнжин явах нь олон. Бороо цастай, намар орой будантай үе ирэхгүй удахаар нь санаа зовоод л араас нь явчихмаар санагддаг. 

Манай хүн надад “Битгий араас яваарай, төөрчихнө шүү” гэдэг юм. Заримдаа араас нь явна. Ихэнхдээ санаа зовоод л гэртээ тэсээд л хүлээдэг.  Халуун хоол цайг нь бэлдээд чадахаа хийчихээд л... Ороод ирэхэд цай хоолоо аягалж өгчихөөд зөрж гараад малаа харна даа. 

Цасан шуурга байсан ч хоёулаа сөрөөд л гарна. Сөрж гарсны үр дүнд л амьдралаа өдий зэрэгт хүргэж дээ.

Бичлэг үзэх: