Рассэл Кров болон Хуакин Финикс нар дүр оруулсан Гладиатор киноны эхэнд ийм нэгэн хэсэг гардгийг зарим уншигчид санах болов уу.

Германд аян дайн хийж яваа Ромын эзэн хаан Марк Аврэл дээр түүний хүү Коммодус эгчийн хамтаар ирдэг. Ромчууд нутгийн уугуул иргэдийн армид сүүлийн цохилтыг өгсөнөөр ялалт байгуулах нь тодорхой болжээ.

Эзэн хаан Марк Аврэл хүүгээ асартаа (Коммодус) дуудуулан түүнд хаан ширээг залгамжлуулахгүй хэмээн шийдсэнээ дуулгадаг. 

Хүсэн хүлээж байсан хариугаа авч чадаагүй Коммодус аавынхаа хэлсэнд дургүйцэж буй нь нүүрнээс нь ил харагдана. Марк Аврэл Ромын республик дахин байгуулагдах хүртэл эзэнт улсыг Максимусын хамгаалалтад үлдээж буйгаа хүүдээ уламжилна.

Тэдний хоорондын яриа ийнхүү өрнөдөг.

Марк Аврэл: Хүү минь, чи Ромын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн үү?

Коммодус: Тийм ээ аав аа (нүүрэнд нь инээмсэглэл тодорсоор).

Марк Аврэл: Чи эзэн хаан болохгүй.

Коммодус: (түүний царайнаас инээмсэглэл ор үгүй арилсан) Аль цэцэн, ухаалаг настан миний оронд эзэн хаан болох вэ?

Марк Аврэл: Ромын Сенат дахин засаглах хүртэл миний бүх эрх мэдэл Максимусд шилжинэ. Ром дахин республик болно.

Коммодус: Максимус уу?

Марк Аврэл: Миний шийдвэр чамайг гонсойлгоо юу даа?

Коммодус: Та надад илгээсэн захидалдаа удирдагч хүнд байвал зохих 4 тулгуур эрдмийн талаар бичсэн. Цэцэн (Wisdom), шударга (Justice), Хатуужил (Fortitude), Тунг тааруулах (Temperance). 

Захиаг тань уншиж байхад эдгээр эрдмүүдийн аль нь ч надад байхгүйг би анзаарлаа. Гэвч аав минь, хэдий дайны талбарт хэрэггүй ч гэсэн надад амбиц, овсгоо, гүйлгээ ухаан, зориг зэрэг өөр эрдмүүд байгаа шүү дээ.

Бичлэг үзэх: 

Гладиатор кинон дээр Ромын эзэн хаан Марк Аврэл яагаад өөрийн хүүд хаан ширээгээ залгамжлуулан үлдээсэнгүй вэ?

Коммодус удирдагч болохыг хүссэн ч удирдагчийн эрдэмгүй учир хаан ширээг залгамжилж чадсангүй. Харин түүнд сэргэлэнтэх, залилах, аргалах, овсгоотох, дүр эсгэх зэрэг өөрийн амиа зогоох, амь гарах бичил эрдмүүд байжээ. 

Эртний Ромын нийгэм нь боолын системтэй байсан ба эдгээр бичил эрдмүүд Ромын боолуудад хүртэл байсан. Зэрлэг байгал дээрх амьтанд хүртэл амьд үлдэж, үр удмаа үлдээхийн тулд овсгоотох, гүйлгээ ухаан гаргаж дасан зохицох, хувирах, хувьсах зэрэг чадварууд түгээмэл ажиглагддаг тухай Desmond Morris The Naked Ape: A Zoologist’s Study of the Human Animal номдоо тэмдэглэсэн.

Агуу Ромын эзэнт гүрнийг удирдан залж, хувь заяаг нь шийдэх чухал эрх мэдлийг зөвхөн өөрийн хар амиа бодсон, амь гарахыг л хичээн дүр эсгэж яваа, боолоос өөрцгүй, амьтан шинжнээсээ салж чадаагүй нэгнээс хэрхэн ангид байлгах вэ гэсэн бодол Марк Аврэлийн толгойд байсан болов уу.

Агуу эзэнт гүрнийг залж, чиглүүлж явах учиртай удирдагчид тавигдах наад захын шаардлага бол удирдагчийн (манлайлагч) 4 эрдмүүд: Цэцэн (Wisdom), шударга (Justice), Хатуужил (Fortitude), Тунг тааруулах (Temperance). Өөртөө эзэн болж чадсан хүний эзэмшсэн байх ёстой эрдмүүд.

Эдгээр наад захын эрдмүүдийг эзэмшиж чадаагүй Коммодус эзэн хааны эрх мэдлийг авсаны дараа Ромд ямар гамшиг нүүрлэж болохыг Гладиатор кино харуулсан мэт.