Г.Мөнгөн: Орлогоосоо хэтэрсэн өр тавьчхаад, мөнгө хадгалах боломжгүй гэх нь өөрийгөө хуурах шалтаг

Peak.mn
02 сарын 01, 2024

Бид “Санхүүгийн боловсрол” буландаа хувь хүний санхүүгийн зөвлөх, лектор Г.Мөнгөнийг урьж, ярилцлаа. Тэрбээр удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хувь хүн, айл гэр санхүүгийн талаас юунд анхаарах ёстой, зээлийг ямар үед авч ашиглах ёстой талаар зөвлөсөн юм.  


орлогоосоо ихийг урьдчилж зарцуулдаг бол өрийн дарамтаас гарч чадахгүй

Надаас санхүүгийн зөвлөгөө авч буй хүмүүсийн ихэнх нь зээлийн талаар буруу ойлголттой байна. Төлж чадахаасаа өндөр зээлж авч, үүнээсээ болж өөрийгөө санхүүгийн дарамтад оруулдаг нь түгээмэл ажиглагддаг.

Санхүүгийн салбарт орлого зарлагын харьцаа гэж ойлголт бий. Хувь хүний санхүү дээр ч та сард хэдэн төгрөг олж байна, үүнийхээ хэдэн хувийг зарцуулж байгааг илэрхийлдэг.  

Харамсалтай нь монголчуудын ихэнх нь орлого зарлагын харьцаа маш тэнцвэргүй байдаг. Үүний гол шалтгаан нь хэрэглээний зээлд хэт донтчихсонтой холбоотой.

Бичлэг үзэх: 

Хадгалж, хуримтлуулсан мөнгөгүй байж баяр ёслол тэмдэглэхдээ, аялал зугаалгад явахдаа, үнэтэй машин зэрэг эд хэрэглэлийг зээлж тавьж авдаг. 

Хэрэглээнд хэт шунадаг.

Ихэнхдээ л амьдрал ахуйгаа сайжруулж, тав тухыг мэдрэхийн тулд ирээдүйн орлогоо урьдчилж зарцуулдаг. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд эхний ээлжид бүсээ чангалах үе буюу хэрэглээгээ багасгаж, зардлаа эрс танахаас өөр аргагүй. 

Хэрвээ төлж чадахаасаа ихийг урьдчилж зарцуулаад л байвал өрийн дарамтаасаа хэзээ ч гарч чадахгүй.

Орон сууц авч байгаа иргэдийн ихэнх нь хуримтлалаа цуцлаад байгаа боломжоо шавхаж банкнаас боломжит бүх нөхцөлөөрөө зээл авдаг.  Дараа нь байраа тохижуулах гэж бас л зээл тавьдаг. Байрны төлөлт нь дараа сараас эхэлнэ гэдгийг мэдсээр байж. Энэ мэтээр их өрийн дарамтад орж, зээлээ яаж төлөхөө мэдэхгүй болчихдог тохиолдол олон. Яг ийм нөхцөлтэй тулгараад авсан байраа буцаагаад зарсан хүн ч надаас зөвлөгөө авч байсан. 

Зээлээ хэтрүүлж авдаг, түүнийгээ үр ашиггүй хэрэглээнд зарцуулдаг хүмүүс л зээлээс айдаг, “Өргүй бол баян” гэсэн ташаа ойлголттой амьдардаг. 


Ипотекийн зээл ашигтай, яагаад гэвэл...

Хүмүүсийн хамгийн их эгдүүцэн ярьдаг, мэддэг нь ипотекийн зээл.

Энэ асуудлаар олон хүнд санхүүгийн зөвлөгөө өгч байлаа. “Би таван жил зээлээ төлөөд эргэн төлөлтөө хартал үндсэн зээлээс маань хоёрхон сая төгрөг хасагдсан байна. Банкууд хүүгээр шулж байна” гэдэг яриагаар ихэнх яриа өрнөдөг.

Ипотекийн зээл жилд 6-8 хувийн хүүтэй байдаг.  Үүний сард ногдох хүү нь 0.6 хувь буюу маш бага гэсэн үг. Ийм бага хүүгээр зээл олгож байгаа учраас банк эсвэл Монголын Ипотекийн корпораци эрсдэлээ бууруулахын тулд эхлээд хүүгээ авна гэсэн тохиролцоо юм. 

Ипотек муу зээл биш гэдгийн өөр нэг жишээг дурдъя.

Өнөөдөр банкнаас 100 сая төгрөг зээлбэл 20 жилийн дараа 250 сая орчим төгрөг төлж дуусна. 

Хүмүүс мөнгөн дүн өссөнийг бодоод байдаг хэр нь мөнгөний ханшны өсөлт буюу инфляцыг тооцож мэддэггүй.

20 жилийн өмнө сургалтын төлбөр 400 мянган төгрөг байлаа.  Харин одоо 4-5 сая төгрөг болчихлоо, харьцуулбал 10 дахин өссөн байгаа биз. 

Энэ мэт жишээнээс үзэхэд өнөөдөр авсан 100 сая төгрөгийн үнэтэй ипотекийн зээлээр авсан орон сууц 20 жилийн үнэ ханш нь хэд болж өсөхийг энгийн аргачлалаар тооцоолох боломжтой. Гол нь инфляц буюу мөнгөний ханшны өсөлтийг тооцож харах хэрэгтэй байгаа юм.


Зарлагаа танадаггүй хүн амьдралаа зээлээр аргацаадаг

Нэг үеэ бодвол хүмүүс их бага хэмжээгээр нэмэлт орлоготой болжээ. Гэхдээ олсныхоо хэмжээгээр үрдэг үрэлгэн зангаасаа салж байж л тайван амьдарна.

Орлогоосоо аль болох багыг зарцуулж, бүсээ чангалж байж хуримтлалтай болно.  

10 сая төгрөгийн орлоготой айлын зардлыг тооцоод үзье. Хэрвээ энэ орлогоосоо 8 сая төгрөгийг үрдэг бол ийм л дадалтай болчихдог. 

Амьдрал хойно асуудал гарна, орлого ашиг буурч 4 сая төгрөг болоход үрж сурсан 8 сая төгрөгийн зарлагаа танахгүй зээлээр л аргацаадагт асуудал байгаа юм.

Санхүү дээрээ асуудалтай яваа танд зөвлөхөд ямар зориулалтаар зээл авч байгаагаа хянадаг байгаарай. Энэ зээл миний амьдралд тус болох уу, хөрөнгийг маань өсгөж, сайжруулж байна уу, ирээдүйд орлого олох уу гэдгийг л ухамсарлаж бодоод үзээрэй. 

Үүний дараа зээл авах шийдвэрээ гаргах нь чухал.

Зарим хүмүүс унаа тэргээ он хуучрахаас нь өмнө зараад сайжруулаад авчихдаг. Хөндлөнгөөс харахад сайжраад байгаа мэт боловч шинэ машин авахын тулд нэмээд л зээл авч байгаа шүү дээ. Гэтэл машин гэдэг хүнд нэг ч төгрөгийн орлого оруулдаггүй, үргэлж арчилгаа тордлогоо шаарддаг, зарлагатай эд. Үндсэндээ ашиггүй хөрөнгө оруулалт гэдгийг хүмүүс мэддэггүй.  Үнэндээ зарлагаа өсгөөд л яваа хэрэг.  

 Хуримтлуулж чаддаггүй хүмүүс зээлийг мотиваци гэж хардаг

Зарим хүмүүс би мөнгө хадгалж чаддаггүй юм аа, байвал л үрчихдэг. Тэгснээс байр түрээслээд, шинэ машин лизингээр аваад шинэ эд хэрэглэл авсан дээр гэж ярих дуртай. Тэр итгэл үнэмшлээрээ зээлж болох бүх л зүйлсийг зээлчихдэг. Зээлээ төлөх нь дэмий зүйлд мөнгөө үрэхгүй байх шийдэл гэж өөрийгөө өмгөөлнө.

Амьдрал дээр зээлээ төлөхийн тулд гээд өдөр шөнөгүй ачаалалтай ажилласаар ажил хийх ямар ч идэвхгүй болж, сэтгэл санааны хямралд ордог тохиолдлууд ч бий. Ийм хүмүүстэй зөндөө уулзаж байлаа. 

Бас "Би өр зээл тавьчих юм бол төлж чадах нь" гээд зээлийг мотиваци гэж харсан ч эцэст нь өөрийгөө санхүүгийн эрсдэл рүү түлхэж байгаа хэрэг. Энэ төрлийн хүмүүсийн орлого зогсоход амьдрал нь орвонгоороо эргэдэг. 

Гэтэл нөгөө талаараа зээл бол орлогоо нэмэгдүүлэх хөрөнгө үүсгэхийн тулд авч болдог зүйл. 

Эргээд төлөх боломжтой, эрсдэлээ хүлээх чадвартай хүнд л тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгох нь чухал байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.