Монголбанк: Ипотекийн зээл зогсоогүй, 2963 иргэн зээлд хамрагдчихаад байна

Х.Оргил
11 сарын 06, 2018

Ипотекийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа талаар Монголбанк мэдэгджээ. 

Сүүлийн үед ипотекийн хөтөлбөр зогссон гэх мэдээлэл зарим нэг олон нийтийн сүлжээний хуудсаар гараад байгаа. Тэгвэл энэ бол худлаа мэдээлэл, Монголбанк болон Засгийн газраас 2018 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 203 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэв.

Энэ санхүүжилтээр 2963 иргэн ипотекийн зээлд хамрагдсан, он дуустал энэ хэмжээ дахиад нэмэгдэнэ. 10 дугаар сарын байдлаар Засгийн газраас 30 тэрбум төгрөг хуваарилсан гэлээ.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд гардаг нэг шүүмжлэл нь орон нутаг руу санхүүжилт гарахгүй байна гэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас 2018 оны гуравдугаар улиралд гаргаж байгаа 30 тэрбум төгрөгийг бүхлээр нь орон нутагт хуваарилах шийдвэр гарсан гэж Монголбанк мэдээллээ.

2015, 2016 оны дунджийг аваад үзвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогддог байжээ.

Харин одоо бол өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк Засгийн газар хамтраад сар бүр 26 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.