"Grammy awards"-ийн үеэр 7 сая доллар цугларч, гал сөнөөгчдөд хандивлажээ

Н.Жавхлан
02 сарын 04, 2025

Хөгжмийн салбарын хамгийн хүндтэй шагналуудын нэг болох Grammy awards 67 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн Грэмми наадам нь ой хээрийн түймрийг унтраахын тулд амь насаараа дэнчин тавьж ажиллаж буй албан хаагчдын эр зоригийг хүндэтгэх гэсэн зорилготой зохион байгуулагдаж байна. Тиймдээ ч тус наадамд Лос Анжелесийн гал түймэртэй тэмцэх газрын гишүүд хүрэлцэн ирсэн байна.

Тус наадам өөрсдийн зорилгын хүрээнд Лос Анжелес орчимд дэгдээд буй ой хээрийн түймрийн эсрэг ажиллаж буй гал сөнөөгчдөд зориулсан хандивын үйл ажиллагааг явуулаад буй. 3 цаг гаруй үргэлжилсэн арга хэмжээний төгсгөлд нийт 7 сая доллар цугларчээ. Энэхүү хандив нь шууд тусламж, Калифорнийн олон нийтийн сан, Пасадена нийгэмлэгийн сан зэрэг байгууллагуудад олгогдох юм.


Энэ үдэш дуучин Beyoncé COWBOY CARTER цомгоороо "Album of the Year" буюу оны шилдэг цомог шагналыг авч, өөрийн карьерт шинэ хуудас нээлээ. Тэрбээр Грэммигийн түүхэнд хамгийн олон удаа нэр дэвшиж, хамгийн олон шагнал авсан ч хамгийн том шагнал болох шилдэг цомог шагналыг авч байгаагүй юм. 

Түүнийг баярын үгээ хэлэх үед Lady Gaga, Billie Eilish тэргүүтэй томоохон уран бүтээлчид баярын нулимстай байсан нь дуучин бүсгүй уг шагналыг ганцаараа хүлээгээгүйг илтгэж байна. 

Мөн шагналыг Лос Анжелесийн гал сөнөөгчид гардуулсан бөгөөд дуучин бүсгүй аюулт түймрээс ард иргэдийг хамгаалж, аюулгүй байлгадаг албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

Сонирхуулахад Грэммигийн түүхэнд шилдэг цомог шагналыг гурван өнгөт арьст эмэгтэй л хүртэж байсан нь Natalie Cole, Whitney Housten, Lauryn Hill нар байсан бол энэ үдэш Beyoncé уг тоог 4 болголоо. 

Харин реппер Kendrick Lamar өөрийн “Not Like Us” дуугаараа оны шилдэг дуу, оны дээд амжилт, шилдэг реп дуу, шилдэг реп үзүүлбэр, шилдэг дууны клип гэх 5 шагналыг өөрийн болгожээ.


Үзэгчдийг шуугиулсан өөр нэг үйл явдал нь дуучин The Weeknd Грэмми наадамд эргэн ирсэн мөч байлаа. 

2021 онд түүний “After Hours” цомог болон дэлхий даяар хит болсон “Blinding Lights” дуу нь Грэммигийн аль ч төрөлд нэр дэвшээгүйд шүүмжлэлтэй хандаж, тус наадмыг авлигалд автсан хэмээн жиргээд байсан билээ. Түүнээс хойш 4 жилийн дараа тус наадмыг зохион байгуулагч академийн зүгээс дуучнаас уучлалт хүссэнээр тэдний харилцаа хэвийн үргэлжилж буйг илтгэн The Weeknd үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан байна. 



 Эх сурвалж: latimes.com 

Холбоотой сэдвүүд

ану грэмми

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.