Нууц №1 Үнэгүй мөнгө гэж байдаггүй 

Зүгээр л юу ч хийхгүй байж байгаад мөнгөтэй болмоор байна уу? Далайн эрэг дээр биеэ шарж хэвтэж байгаад л... эсвэл гадаад улсад аялж, түүхэн дурсгалт газруудыг сонирхонгоо мөнгөтэй болохыг хүсдэг үү? 

Мэдээж хэн ч үүнийг хүснэ. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Мөнгө хэзээ ч таны хэтэвч рүү өөрөө орж ирэхгүй. Мөнгийг хэн нэгэн танд ямар нэгэн зүйл хийсний чинь төлөө төлдөг. 

Өөрөөр хэлбэл бусад хүмүүстэй харилцаж байж мөнгө орж ирдэг юм. 

Таныг ямар нэгэн тодорхой үйлчилгээ үзүүлж, хөдөлмөр эрхэлсний чинь төлөө хэн нэгэн хүн эсвэл байгууллага танд мөнгө төлөх хуультай. Хамгийн гол нь хэн нэгэн, ямар нэгэн зүйлийн төлөө мөнгө төлж байдаг. Ажил олгогч хөдөлмөрийн хөлсөө өгнө, байр түрээслэгчид түрээсийн мөнгөө төлнө эсвэл улсаас ажилгүйдлийн тэтгэмж авна. Таны хийж бүтээсэн зүйлийн чинь үнэ цэнээс хамааран мөнгөний хэмжээ харилцан адилгүй байдаг. Мөнгө төлөгч этгээд ч мөн адил өөр өөр байна. 

Үүнээс улбаалан баяжих үндсэн 2 арга байдаг: 

  • Нэгдүгээр арга бол хэсэг бүлэг цөөн хүмүүст зориулсан маш өндөр үнэ цэнэтэй зүйл хийх
  • Хоёрдугаар арга бол олон нийтэд зориулсан бага үнэ цэнэтэй зүйл хийх.


Нууц №2 Мөнгө хэнд ч хэрэггүй 

Интернетээр хамгийн түгээмэл хайлттай үгсийн нэг бол мөнгө. Хүмүүс хэрхэн баяжиж, их мөнгө олох талаар видео үзэж, онлайн сургалтад хамрагдаж, бусдын туршлагыг судалдаг. Гэхдээ хүнд мөнгө хэрэггүй. Эзэнгүй арал дээр цүнх дүүрэн мөнгөтэй үлдлээ гээд төсөөлөөд үз дээ. Та тэр үед хэр их аз жаргалтай байх бол? 

Мөнгө бусад хүмүүстэй харилцаж байх үед л үнэ цэнэтэй байдаг. Тэгэхлээр мөнгө өөрөө чухал бус мөнгөний ачаар бий болж буй зүйл чухал юм. Тухайлбал: 

  • Мөнгө төлбөл хүмүүс танд идэх хоол, өмсөх хувцаснаасаа хуваалцана
  • Таны аюулгүй байдлыг хангана
  • Мөнгөтэй байсны ачаар хүмүүсийн хүндлэлийг олж авч болдог гэх мэт

Хүнд дотно харилцаа багасах тусам түүнд мөнгө илүү чухал болдог.  Хайртай хүмүүстэйгээ дотно харилцаатай бол мэдээж эсрэгээрээ байх болно. Ингэснээр та мөнгө төлж авах ихэнх зүйлийг үнэгүй хүртдэг. Мөнгө өөрөө хэнд ч хэрэггүй. Харин мөнгөний тусламжтайгаар олж авдаг мэдрэмж, туршлага л үнэ цэнэтэй.


Нууц №3 Мөнгө – ганцхан мөнгө биш 

Мөнгөгүй бол хүн аз жаргалгүй болж, өөртөө итгэх итгэлгүй болдог гэдэгтэй та санал нийлдэг үү? Үнэндээ мөнгө зүгээр л нэг цаас шүү дээ. Цаасгүй байлаа гээд хүн аз жаргалгүй болно гэж байх уу. Үгүй л болов уу. 

Хүн удаан хугацаанд мөнгөгүй байвал яах вэ? Уур бухимдалтай болж, бусдаас ичиж, зовж, яахаа мэдэхээ болино...

Гэхдээ: Мөнгө – ганцхан мөнгө биш. Мөнгө бол бэлгэ тэмдэг. Хүнийг төлбөрийн чадамжтай гэдгийг илэрхийлдэг бэлгэ тэмдэг. Бусдад өгөх, бусдад нөлөөлөх чадвартай гэдгийг илэрхийлэх хэрэгсэл.

Мөнгөгүй хүн бусдад өгөх, нөлөөлөх чадваргүй, хайрлах, хайрлагдах эрхгүй мэт санагдаж эхэлдэг. Чухам энэ мэдрэмжүүд л хүнийг аз жаргалгүй болгодог.

Мөнгө гэдэг цаас байхгүйдээ биш мөнгөний тусламжтайгаар олж авах мэдрэмж байхгүй тул хүн аз жаргалгүй болно. Баяжихыг хүссэн хүмүүс хөрөнгө чинээ нь тэдний имижийг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж найддаг ажээ. Гэхдээ эсрэгээр нь бодоод үзвэл, бусдад өгөх, нөлөөлөх чадвар байхгүй учраас танд мөнгө байхгүй.

Тэгэхээр өдөржин шөнөжин мөнгөний араас хөөцөлдөж байхын оронд хувь хүний хөгжилд нөлөөлөхүйц чанаруудыг өөртөө төлөвшүүлсэн үед мөнгө орж ирэх үүд нээгдэнэ. 


Нууц №4 Танд хангалттай хэмжээний мөнгө байгаа 

Их мөнгөтэй л болбол амьдрал тань сайжрах уу? Бүх асуудал тань шийдэгдэнэ гэж үү? Эргэн тойрны хүмүүстэй харьцах харилцаа чинь төлөвших үү? Эрх мэдэл, шинэ боломжууд нээгдэх үү? 

Ихэнх хүмүүс эдгээр асуултад тийм гэсэн хариулт өгөх байх. Гэхдээ мөнгө хүнд зөвхөн эерэг өөрчлөлтүүд авч ирдэг байсан бол хүмүүс маш их сэдэл авч, зорилгодоо хэчнээн хурдан хүрэх байсан бол. 

Бидний зорилго үр дүнгээ тодорхойлж байдаг

Бид одоо ямар нэгэн амжилтад хүрсэн байлаа гэхэд түүнийхээ талаар өнгөрсөнд бодож, түүнд зорьж байсан гэсэн үг. Тэгвэл бид яагаад илүү их амжилтад хүрээгүй байгаа юм бэ? Зорилгоо яагаад өндөр тавьж чадаагүй юм бэ? Чадваргүй болохоор уу? Тууштай зан байхгүй байсан уу? Залхуу, хойргo зантай учраас юм болов уу? 


Эх сурвалж: