Тэд минь үүрээ орхин нисэх нь, би цаашид юу хийх вэ, юуны төлөө амьдрах вэ, чин сэтгэлээсээ хүсэн мөрөөддөг,  эсвэл хийхийг хүсдэг зүйл минь юу билээ...  

Үр хүүхдүүд нь нас биед хүрч, өөрсдийн гэр орноо орхин явах цаг ирэх нь эцэг эхчүүдийн хувьд бас нэгэн хүнд даваа юм. Энэхүү даваа нь “хоосон үүрний синдром” гэж тусдаа нэршилтэй.

Энэ синдром нь эцэг эх үр хүүхдүүд нь гэрээ орхин явахад мэдрэх гуниг, ганцаардлын мэдрэмж юм. Хэдийгээр үүнд албан ёсны клиник онош үгүй ч сэтгэл мэдрэмжийн хувьд яалт ч үгүй томоохон даваа билээ.

Тухайн синдромтой эцэг эхчүүд маш их сэтгэлийн хоосролыг мэдэрдэг. Зарим тохиолдолд эзгүй талд төөрчихсөн мэт санагдана. Зарим эцэг эхчүүд бачимдахдаа үр хүүхдэдээ бие даан шийдвэр гаргах боломжийг олгохгүй гөжүүдлэх гэж үзнэ. Эдгээр нь бүгд ганцаардал болоод сөрөг стресст оруулах магадлалтай.

Гэсэн ч энэ синдромыг даван туулахад туслах хэд хэдэн арга байдаг байна. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ тэдгээр аргуудтай танилцъя.


1. Эцэг, эх гэдгээс өөр хэн нэгэн бай

Хүн амьдралынхаа туршид ойр дотнын хүмүүсийнхээ хувьд хэн нэгэн байдаг билээ. Сайн охин эсвэл хүү, анд нөхөр, хамтран ажиллагч, авга эсвэд нагацын хамаатан гээд л ... Тодорхой үүрэг хариуцлага бүхий хэн нэгэн байх шаардлага тохиож байдаг ч тэдний аль нь ч эцэг эх байх шиг чухал санагддаггүй юм.  

Гэсэн ч юм бүхэн ээлж дараатай байдаг хойно нэгэнт үр хүүхэд тань өсөж том болж, тусдаа амьдралаа хөөсөн бол та амралтаа авах хэрэгтэй. Тулгарсан асуудал бүрийг нь өмнөөс нь шийдэж өгөөд байж болохгүй. 

Тиймээс дан ганц сайн ээж, мундаг аав байхаас өөрөөр юу хийж чадахаа энэхүү синдромын үед тодорхойлох нь чухал. Сайн дурын ажилтан болмоор байна уу? Сайхан сэтгэлтэй хөрш үү? Эсвэл ямар нэг бүлгэмд элсэх үү? Сонголт таны гарт. Та хэн байхаа, хүсэл сонирхлоо хэрхэн хөгжүүлэхээ өөрөө сонго.

Үр хүүхдэдээ санаа зовох зүйлгүйгээр өөрт гарч ирсэн чөлөөт цагаа өөрийн тань амьдралд утга учир нэмж болох үйлд зарцуулах хэрэгтэй. 


2. Хамтрагчтайгаа дахин танилц

Хүүхэдтэй болохоос өмнө хайрттайгаа өнгөрүүлсэн амьдралаа санаж байна уу? Зөвхөн та хоёр л байсан. Тэгвэл одоо эргээд түүнтэйгээ дурсамж бүтээх цаг нь болжээ.

Хэн нь хүүхдээ харах вэ гэж санаа зовох зүйлгүй, цугтаа аялж, хүүхэд асрагчид санаа зоволгүй болзоо товлож, зөвхөн та хоёр л таашаадаг зоогоо бэлдээд идэж болох шүү дээ. 


3. Өөрийгөө тань

Эцэг эх болохоос өмнө танд хийх дуртай зүйлс эсвэл хобби байсан уу? 

Хүүхэд гарч ирэхэд л цаг зав хомстон, хаягдсан хүслээ гүйцэлдүүлэх боломж одоо тохиож байна. Эсвэл өмнө нь оролдож үзэхийг хүсдэг ч цаг нөхцөл нь бүрдэлгүй орхигдсон хүсэл ч байж болно. Хэрэв таны санаанд орж ирэх зүйлгүй бол танилцуулга хөтөлбөрүүдэд ч хамрагдаж болох шүү. Энэ бол таны өөрийгөө таньж, өөрийн сонирхлыг цогцлоох бас нэгэн боломж юм.


4. Өөрийгөө сатааруулах

Үр хүүхэд тань гэрээ орхиод явах нь жам ёсны сонголт. Тиймээс тэр тухай нь бодоод шаналаад байвал бүр ч их ганцаардана. Тиймээс өөртөө ойрын, жижиг зорилгууд тавин түүндээ хүрэх гэж хичээгээрэй. Өөр зүйлд анхаарал хандуулж, өөр хүрээлэлд орсноор ганцаардлын мэдрэмжийг мартагнуулна.


5. Байн байн холбоо барихаа болих

Хүүхдийнхээ сошиал медиа хаягуудыг ухаж, өглөө бүр утсаар ярьж, минут хором бүрт үр хүүхэд тань яаж байгаа бол гэж зовниод байж болохгүй. Эдгээр үйлдлийг хийсээр байвал та хэзээ ч бодит байдалтай эвлэрч чадахгүй. 

Энэхүү синдромыг даван туулах нэг арга нь өөрийн хүүхдэд эрх чөлөөг нь олгож, бие даасан насанд хүрэгч болох боломжийг нь бүрдүүлж өгөх юм. Мэдээж усанд хаясан чулуу шиг хаяж болохгүй ч хувийн орон зайг нь хүндэтгэж, өөрөө бие даан алдах боломжийг нь олгох нь харилцааг тань улам батжуулна. 



Эх сурвалж: Very Well Family