МӨНХСҮХИЙН ХИШИГМАА
07 сарын 04, 2022
Хүн ба амьтны хоорондын харилцааг ойртуулсан иогийн шинэ төрөл бий болоод баггүй хугацаа өнгөрчээ. Дэлхий дахинд “meowga” хэмээн нэрлэх бөгөөд хүмүүс иогийн танхимдаа мууртай хамт хичээллэдэг гэдгээрээ онцлог. Одоогоор энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд Милан, Нью Йорк зэрэг хотуудад түгээмэл дэлгэрээд байна.
Мууртай иогоор хичээллэснээр та сайн үйлстэн болох боломжтой
Энэ төрлийн хичээлийг иогийн багш нар, амьтан асрах газар, сайн дурын клубуудтай хамтран зохион байгуулдаг гэнэ. Төлбөрийн тодорхой хувь нь тэдгээр муурнуудын байрлах байр, хоол хүнс, хэрэглээнд зарцуулагддаг бөгөөд хамгийн гол зорилго нь муур үрчилж авах сонирхолтой хүмүүст сонголтоо хийхэд нь тус болох аж.
Тодорхой цаг хугацааг муурнуудтай хамт өнгөрөөснөөр сайн дурын ажил хийж, өөрийн бие бялдар сэтгэл зүйд эерэг өөрчлөлт авчрах олон давуу талтай байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар мууртай хамт унтаж амрах нь нойрны чанарыг сайжруулж зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг төдийгүй зөвхөн 5-10 секундын муурны бичлэг үзэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй аж.
Хүн ба муурны аль алинд нь эерэг нөлөө үзүүлнэ
Иог нь хүний сэтгэл санааны болон бие бялдрын хувьд маш олон ашиг тустай байдаг. Үүний шалтгаан нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, аз жаргалтай сэтгэл хөдлөлийг бий болгодог эндорфин гэх гормоны байгалийн ялгаралтыг идэвхжүүлдэгтэй холбооотой.
Муурнууд ихэнх йогийн дасгалуудыг даган, дуурайж хийдэггүй ч иогийн хичээлд хамрагдаж байгаа хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлж уян хатан болгох, тайвшруулах зэрэг үр дүн үзүүлдэг байна.
Энэ нь хүмүүст сайнтай адил муурнуудад ч бас сайн байдаг гэнэ. Хүнээр дамжуулан тэд ч бас амар тайван, сайн сайхныг мэдэрдэг гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ.
Судалгаагаар муур тэжээдэг эсвэл мууртай ойр дотно байдаг хүмүүсийн сэтгэл зүй нь илүү тогтвортой, аливаад сэтгэл ханамж өндөртэй байдгийг тогтоожээ. Муур сэтгэл түгших эмгэгийг бууруулахаас гадна цусны даралтыг бууруулж, мэдрэлийн системийг тайвшруулах ач тустай.
Хамгийн хөгжилтэй, гэнэтийн мөчүүдээр дүүрэн иог
Ердийн иогоор хичээллэж байсан хүнд “meowga” бүх талаараа өөр байдаг гэнэ. Учир нь хэт нам гүм байдлыг эрхэмлэдэг эсвэл бясалгалын иогоор хичээллэдэг хүмүүст цоо шинэ мэдрэмж төрүүлдэг байна. Мууртай иог нь баяр баясгалантай, хөгжилтэй, гэнэтийн мөчүүдээр дүүрэн байдаг байна. Учир нь муур бол бие даасан, хөгжилтэй байдлаараа бусад амьтдаас онцгойрдог.
Амьтнаас санаа авсан иогийн нохойтой дога, ямаатай иог, туулайтай иогийн хичээлүүд ч байдаг байна. Гэсэн хэдий ч мууртай иог нь тодорхой хэмжээний өөрийн гэсэн соёлтой хичээллэдэг хүмүүстэй болж чаджээ.
Мууртай йогийн хичээл нэг цаг нь ойролцоогоор 20-22 доллараар үнэлэгддэг байна.
Харин манай оронд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг газар хараахан байхгүй бөгөөд хэрвээ та бие бялдар сэтгэл зүйдээ анхаарахын зэрэгцээ хайртай амьтантайгаа цагийг үр дүнтэй ангараахийг хүсвэл цахим орчинд байгаа мууртай иогийн дасгалуудыг дуурайн гэртээ хийх бүрэн боломжтой.
Бичлэг үзэх:
Эх сурвалж: nytimes.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.