Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвөөс хүн бүрийг долоо хоногт 2 цаг 30 минутаас 5 цаг хүртэлх хугацаанд дасгал хийхийг зөвлөжээ. 

Мөн 75 минутаас 2 цаг буюу харьцангуй бага хугацаанд эрчимтэй хөдөлгөөн хийвэл эрт нас баралтаас сэргийлдэг болохыг онцолсон байна. Энэ нь өдөрт ердөө 11  минут дасгал хийхэд хангалттай гэсэн үг юм.

Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар ихэнх хүмүүсийн дасгал хийх хугацаа долоо хоногт 150 минут хүрэхгүй байна гэжээ. Энэ нь хүмүүс хөдөлгөөний идэвх муутай байгааг нотолж буй юм.  Тиймээс эрдэмтэд өдөрт багадаа 11 минут дасгал хөдөлгөөн хийх нь дасгал хөдөлгөөн огт хийхгүй байснаас илүү үр дүнтэйг санууллаа.

Түүнчлэн тус судалгааны баг дасгал хийхийн ашиг тусын талаарх 200 гаруй судалгааг шинжилж дараах дүгнэлтэд хүрчээ.

Аливаа дасгалын гүйцэтгэлийг талд нь хүргэж, өдөрт тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийсэн бол зүрх судасны өвчлөлийн 20 тохиолдол, хорт хавдрын 30 тохиолдол тутмын нэгээс сэргийлэх боломжтой

Жишээ нь: Хэрэв дасгалжуулагч танд өдөр бүр 30 минут гүйхийг санал болговол та өөрт хялбар байдлаар 15 минут гүйхэд л хангалттай.

Үүнтэй ижил дүгнэлтийг 100 орчим томоохон судалгаа, 200 орчим мэдээллүүдийг нэгтгэн гарсан Британийн Спортын Анагаах Ухааны сэтгүүлд өгүүлсэн байна. Энэхүү тойм судалгаанд “Хүн бүр долоо хоногт 150 минут дасгал хийдэг байсан бол 6 хүн тутмын нэг нь эрт нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн дурджээ.

Тогтмол дасгал хийх нь холестролын түвшин, цусны даралтыг бууруулж, нойрны чанар, зүрхний эрүүл мэндийг урт хугацаандаа дэмждэг аж. Мөн ходоод, цусны хорт хавдраас сэргийлэхэд эерэг нөлөөтэй.

Иймд Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн төв  хүмүүсийг алхах, дугуйгаар явах, хүүхэд, ач зээ нартайгаа тоглох зэргээр илүү идэвхтэй амьдрахыг зөвлөж байна.