Ирэх амралтын өдрүүдээр 37 дахь “Номын баяр”-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор тэмдэглэнэ

Л.Дэлгэрмаа
05 сарын 14, 2025

Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг билээ. 

Энэ жил 37 дахь удаагийн Номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. 

Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч-уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг-борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.   

Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас амьдрах орчин нь доройтож, устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон энэхүү нэн ховор, 50 гаруйхан үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байна. 

Энэ хүрээнд “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж буй Номын баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцож байна. 

Номын зохиогч, хэвлэн нийтлэгч, уншигчдаа урамшуулан дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг,  намрын баярт “Мэргэн ном” цомын эздийг тодруулдаг уламжлалтай.

Мөн  НЗДТГ-ын нэрэмжит “Номын грант” шагналыг нийслэлийн хүүхэд, залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ном бүтээлүүдийг олны хүртээл болгож сурталчлан таниулсан, хотын хөгжлийн төлөө туурвисан бүтээл зэргийг шалгуур болгож 3 сая төгрөгийн тэтгэлэг олгодог.

Номын баярыг зохион байгуулагчдын зүгээс жил бүр хүүхэд, залууст зориулсан 50 номын жагсаалт гаргаж уншлагын аян зарладаг уламжлалтай.  2024-2025 оны хичээлийн жилд “Амьтдын тухай 50 ном”-ын жагсаалт зарлаж, “Азтай савар” ТББ-тай хамтран зохион байгуулсан нь хүүхэд, багачуудын сонирхлыг ихээр татаж, олон хүүхэд номын тэмдэглэл, зурагт хуудас, подкаст бэлдэж оролцсон. 

Иймээс  энэ жилийн “Номын сайн нөхөр” шагналын эздийг шалгаруулахдаа энэ аянд амжилттай оролцсон хүүхдүүдийг хамруулж, урамшуулахаар боллоо. Мөн баярын үеэр “Д.Нацагдорж” тэмдэгтэн хүүхдүүдийг шалгаруулна.  

Баярын өдрүүдээр “Зөв мэдлэгт хөтөлнө” уриан дор олон сэдэв, агуулгатай номыг уншигчдад харьцангуй хямд үнээр хүргэх, уншигч-зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх боломжийг ч бүрдүүлдэг.  

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300,000 гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ. 

Ялангуяа ном, зохиол худалдан авах, бүтээлээ танилцуулахаар олон орноос зохиолч, уран бүтээлч, жуулчид, Монголд амьдарч буй гадаад орны иргэд, Дипломат төлөөлөгчдийн газрынхан олноор оролцдог боллоо. 

Номын баярын өмнөхөн Улаанбаатар хотыг Дэлхийн номын нийслэлд нэр дэвшихийг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс дэмжлээ.

Баярын өдрүүдэд үндэсний бахархалт амьтан Мазаалайн  асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, чөлөөт орон зайд кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгоно.   

35 дахь удаагийн Номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гадны хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. 

Өмнөх баяруудад Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын  агентлагууд урилгаар оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн. 

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ. 

Номын салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд монгол зохиолчдын ном, бүтээлийг БНСУ-ын Бусан хот болон Сингапурын Олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн, Турк, Ираны хэвлэн нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөр, Малайз, Казахстан Улсын Астана хотноо болсон номын үзэсгэлэнд танилцуулсан амжилтаар 37 дахь удаагийн Номын баяраа угтаж байна. 

Түүнчлэн “Либро сувд агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас, материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдлээ. 

Гадаад харилцааг олон улсын түвшинд өргөтгөн тэлэх ажлыг номын салбарт 20 дахь жилдээ ажиллаж буй “Номын соёлт ертөнц” ТББ, тэдний үүсгэн байгуулсан “Либро Сувд” агентлаг хариуцан ажиллаж, Монгол зохиол бүтээлийг гадаад орны уншигчдад эх хэл дээр нь хүргэх, монголын оюуны бүтээлийг экспортлох ажлыг эхлүүлж байгаа нь бас нэгэн чухал алхам юм. 

Холбоотой сэдвүүд

ном номынбаяр

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.