УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрээр "УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь байхаар ирэх оны төсвийн төслийг боловсруулсан гэдгийг хэллээ. 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд төсвийн үндсэн үзүүлэлтүүд хоорондоо нягт уялдсан байгаагаас гадна улсын эдийн засгийг даах хэмжээгээр орлого, зарлагаа бодитой тооцсон. Үндсэн үзүүлэлтүүд олон улсын банк санхүүгийн байгууллагатай тохирсон байгаа энэ үзүүлэлтээр батлагдах юм бол энэ төсвийн төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой" хэмээн үзэж байгаагаа онцолсон.

Хэлэлцүүлгээр 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.