Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Т.Бадрал "Нөхцөл байдал ярвигтай цаг үед ирж байх шиг байна. Шинэ коронавирусээр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 150.000 гаруй болж, 6500 гаруй хүн нас барсан байна. Мөн уг халдвар бүртгэгдсэн орны тоо хурдтай өсөж 150 боллоо. 

Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна. Берлин, Москвагаас өнөө өглөө ирсэн хүмүүсийн дунд тодорхой шинж тэмдэгтэй хүмүүс ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. Европ талаас маш том эрсдлүүд байгаа учир гадны ямар ч иргэнийг манай улс хүлээж авахгүй. Зөвхөн ОХУ-аас орж ирж буй хүнсний тээвэртэй холбоотой тээврийн жолооч нарыг оруулна. 

Монгол Улсад юугаар дамжин эрсдэл ирж байна вэ гэхээр, бид гадаадаас иргэдээ авчирж байна. Тэдгээр дотор ямар нэгэн байдлаар өвчний шинж тэмдэг илэрвэл бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэнэ.

Цаашид иргэдээ авчрах нислэгийг олон дахин үйлдэх нь том эрсдэл дагуулж буй учир тодорхой хугацааны дараа иргэдээ авчрах нислэгийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орно.

Дэлхийн бусад улс оронд сууж буй 190.000 орчим монгол иргэнд анхааруулж хэлэхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс та бүхний эрүүл мэнд, аюулгүй байдал хамаатай. Мөн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүднээс болж өгвөл та бүхэн оршин сууж буй улс орондоо өөрсдийгөө хамгаалж, хүндрэлтэй энэ цаг үеийг давах, өөрсдийн аюулгүй байдлаа хангах ёстой. 

Өнөөдөр бид гурав дахь онгоцоо хүлээж авна. Улмаар нийт 800 орчим хүн ирж байна. Иймд гаднаас ирж буй иргэд Засгийн газа, Улсын онцгой комиссын зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ.