Peak.mn
12 сарын 25, 2019
АНКАРА. /Reuters/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг харгис хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон таван хүнд цаазаар авах ял оноосон нь шударга бус шийдвэр гэж сэтгүүлчийн сүйт бүсгүй мягмар гарагт мэдэгджээ.
Ж.Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт орсны дараа сураггүй болжээ. Түүний цогцсыг мөчилж, Консулын газраас гаргасан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.
Даваа гарагт Саудын Арабын шүүх Ж.Хашоггийн хэрэгт холбогдсон таван иргэнд цаазын ял, гурван иргэнд хорих ял ногдуулсан бол гурван хүнийг гэм буруугүй хэмээн үзэж суллажээ.
НҮБ-ын тусгай төлөөлөгч Агнес Калламард уг хэрэгт Саудын Арабын өндөр түвшний төлөөлөгчид холбоотой хэмээн үзсэн боловч Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр НҮБ-ын төлөөлөгчийн тайланг “үндэслэлгүй” хэмээн тэмдэглээд, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Ж.Хашоггийг Консулын газар луу орох үед гадаа нь хүлээж байсан сүйт бүсгүй Хатиже Ченгизийн мэдэгдсэнээр, шүүх хурал хаалттай болсон тул сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүс яагаад түүний амийг хөнөөсөн талаар танилцуулаагүй аж.
"Хэрэв цаазын ял сонссон хүмүүст үг хэлэх боломж олгохгүй бол бид Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болзошгүй. Саудын Арабын шүүхийн шийдвэрийг зэмлэн буруушаахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалж байна" гэж Х.Ченгиз хэлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.