Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.

Ж.Амарсанаа нь 1996 онд Оточ Маарамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач,  2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.

2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх болон Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ.

Тэрбээр энэ талаараа “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. Хичээж ажиллана аа! Орон тооны биш учраас цалин, хангамж авахгүй, та бүхний татвараас хумслахгүй. Зөвхөн итгэл үнэмшлээрээ зүтгэнэ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна.