Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан

П.Мөнгөнсор
11 сарын 05, 2024

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Амсахгүй бол харамсахгүй” аян орон даяар хэрэгжиж  байна. Энэхүү аяны хүрээнд архины хамаарлаасаа ангижирч чадсан, үлгэр жишээ эрхмүүдийн түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Бид энэ удаад хэт холын марафон гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер Ж.Баатарболдтой ярилцлаа. Амьдралаа өөрчилж чадсан түүний сонирхолтой түүхээс уншигч тантай хуваалцъя.


Нэг л мэдэхэд…


Миний өсвөр нас 1990-д оны шилжилтийн он жилүүдтэй хамт өнгөрсөн. Тухайн үед аав, ах нь архи уудаггүй айл байгаагүй гэхэд хилсдэхгүй. 

Нийгмээрээ архинд “живчихсэн” тэр эмзэг үеийг их л ойроос харж, мэдэрч өсжээ гэж боддог юм. 

Анх 9 дүгээр ангидаа ангийн хэдэн нөхөдтэйгөө архи амсаж үзсэн. Оюутан болоод архитай бүр л дотно “нөхөрлөх” болов. Сургуулиа төгсөж ажил, амьдралын талбарт гарахад ч мөн ялгаагүй. Хурал цуглаан, төрсөн өдөр, баяр наадам гээд архигүй тэмдэглэлт өдөр гэж үгүй. 

Ингэж явсаар нэг л мэдэхэд архи амьдралын минь нэг хэсэг болчихсон байсан. 


Орой яах юм?


Найз нөхөд, ажлын хамт олон бие биеэсээ тоглоом тохуу болгон асуудаг энэ үг биднийг буруу зуршил руу хөтөлдөг. 

Энэ бол шуудхандаа орой ууя л гэсэн үг. 

Би гэдэг хүн баасан гарагийн орой бүр архи хэтрүүлэн хэрэглэж, эцсийг нь үзтэл явдаг байлаа. Маргааш нь шартаж хэвтэх бүрдээ “Дахиж хэзээ ч гашуун ундаа хүртэж, эрүүл мэндээ хордуулахгүй юм шүү” гэж өөртөө амладаг ч шөнийн 3, 4 цаг хүртэл “шоудчихдаг” тохиолдол олон гарсан юм. Ингэж л өөрийгөө архины хамааралтай болж байгаагаа мэдэрсэн дээ. 


Амьдралаа өөрчилье гэж шийдсэн эргэлтийн цэг 


Ингэж явсаар ковидын өмнөхөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороод “сэрэх” шиг л болсон. Шинжилгээнийхээ хариуг сонстол надад эрүүл эрхтэн үлдээгүй байсан. 

Харамсалтай нь би хэвийн жингээсээ 20 гаруй кг илүүдэл жинтэй, нойр булчирхай үрэвсэлтэй, элэг, зүрхний өөхлөлттэй, тулаа өвчний суурь нь тавигдаад, чихрийн шижингийн урьтал үе болчихсон байсан.

Яг энэ үеэс л амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл зөв дадалд суралцъя гэж эргэлт буцалтгүй шийдсэн. 


Би гүйлтийн спортыг 2015 оноос сонирхож эхэлсэн ч амьдралынхаа нэг хэсэг болгож чадахгүй л яваад байсан юм. 

Харин амьдралаа өөрчилье гэж шийдсэн тэр мөчөөс тууштай гүйж эхлэх юм шүү гэж өөртөө амласан. 

Намайг тууштай байхад юу саад хийж байна вэ гээд бодтол ердөө баасан гарагууд, баярууд байсан. Тиймээс юун түрүүнд баасан гараг, баяруудыг алгасаж, долоо хоногт заавал 3-4 удаа гүйе гэж зорилго тавьсан минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан гэж хэлнэ. 

Түүнээс хойш таван жил өнгөрсөн байна. Би таван жил архи амсахгүй, дасгал хөдөлгөөндөө тууштай байж, маш олон эерэг өөрчлөлтийг мэдэрсэн. 

Эргээд бодоход гүйлтийн спорт миний бие, сэтгэл зүй, ажил, гэр бүлд үр өгөөжөө өгсөн. Тийм учраас би гүйлтийн спортыг гайхамшигтай гэж нэрлэдэг юм шүү дээ. 

Өмнө нь би шөнийн 3, 4 хүртэл архи ууж, караоке орж явснаа “Тулаан зөвхөн шонхрууд л үлддэг” гэж бахархалтайгаар ярьдаг байлаа. Харин одоо өөрийгөө болоод өмнөө тавьсан зорилгоо бодож архийг алгасах бүрдээ тулаанд зөвхөн шонхрууд л үлддэг юм байна гэж бодох болсон. 


Энэ олон баярын ард эрүүл үлдэх үү?


Монголчууд бид баяр наадмын утга учрыг нь алдагдтал архидан согтуурдаг ард түмэн. 

12-р сард шинэ жил гээд тэр чигтээ архидалтын сар болдог. Цагаан сараар мөн л хэтрүүлж идэж, уудаг.

3-р сард Мартын 8, Цэргийн баяр гээд ууж баярладаг жишиг тогтчихсон нь нууц биш. Зуны амралтаар архи, хорхог, кола хольж уугаад элэг, цөсөө цочроодог. 

Жилийн дөрвөн улиралд баяр бүрээр хэтрүүлж, архидан согтуураад байвал бидний бие яаж тэсэх вэ? Энэ болон баярын ард эрүүл үлдэхгүй нь шүү дээ. 

Энд хурим найр, хадаг сүү тавих ёслолыг дурдахгүй өнгөрч боломгүй. Бидний хэлж заншсанаар бэрийн гуйлгад явна гэдэг архи уух шигшээ тоглолт шиг л зүйл болж өнгөрдөг. Ах дүү, хамаатан саднаасаа архи сайн уудаг, даадгийг нь шигшиж явуулж байх жишээтэй.


Бусдад эергээр нөлөөлье гэвэл өөрөө үлгэрлэх хэрэгтэй 


Баяр бүрээр эцэс төгсгөлгүй архидан согтуурдаг энэ байдлыг өөрчилж, нэг ч гэсэн хүнд архины хор хөнөөл, гүйлтийн ач тусыг ойлгуулъя гэж зорих болсон. Тиймээс “Гүйдэг Моги” хэмээх номоо бичсэн. 

Олон хүнд хүрч, амьдралын хэв маягаа өөрчлөх урам зориг болж байгааг нь харахад урамтай байдаг юм билээ. 

Нэг жишээ дурдахад өнгөрсөн амралтын өдрөөр цэцэрлэгт хүрээлэн рүү орж явахдаа хос залуустай таарсан.

Залуу нь “Би таны номыг уншаад сүүлийн дөрвөн сар гүйгээд гүйгээд 15 кг жин хаялаа. Дөрвөн сар архи уусангүй” гэж хэлсэн. Эхнэр нь хажууд нь жаргалтай мишээж зогсохыг хараад үнэхээр их бахархсан.

 Дасгал хөдөлгөөндөө тууштай байж чадвал архи уухгүй байж болдгийн жишээ шүү дээ. 


Саяхан том хүү минь сургуульд сурахаар гадаадыг зорилоо. Би аав хүнийхээ хувьд гуравхан зүйлийг хүүдээ захиж хэлсэн. 

Шөнийн нойроо юугаар ч бүү солиорой.

Өглөө 30 минутыг заавал дасгал хөдөлгөөнд зориулаарай.

Өглөөний цайгаа тогтмол уугаарай гэж захисан.

 Өөртөө эерэг бөгөөд зөв дадлыг хэвшүүлсэн хүн амьдралд алзахгүй гэж боддог. 



Хүссэн ч больж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандаарай 


Шоу цэнгээн, баасан гарагийг алгасчихвал их зүйл алдаад байгаа юм шиг бодогдох үе бий. “Залуу хүн ганц л амьдарна, хүссэнээ хий” гээд архидаж байгаа залуустай чамгүй олон таарч байлаа. 

Одоо эргээд харахад залуу нас эрүүл мэндээ архинд золих биш өглөө эрт босоод дасгал хөдөлгөөнөө хийчхээд өглөөний цайгаа ууж байх тэр мөчөөс л жинхэнэ баяр баяслыг мэдэрдэг юм билээ.

Хүн өөрийгөө “Ухаантай шүү, өөрийнхөө эзэн шүү, архинд толгойгоо мэдүүлэхгүй шүү” гэж боддог ч таны хүссэнээр болохгүй байх тохиолдол бий. Үнэхээр уухаа болихыг хүссэн ч чадахгүй байгаа бол баасан гараг, баяруудыг алгасаж чадахгүй бол мэргэжлийн хүнд нь хандаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.