УОК-ын шийдвэрээр үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагын ажилчид өнөөдрөөс эхлэн QR код бүхий эрхээр тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож буй. Ингэхдээ зөвхөн өглөө  07.00-09:00, 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчино. Ажлын шаардлагаар өдрийн цагаар зорчих бол зөвшөөрөлтэй албаны машинаараа зорчихоор зохицуулсан.

Өмнө нь QR код авч байсан бол https://smartcar.mn/ сайтад хандан, шинээр QR код хэвлэн авна. Харин өмнө нь авч байгаагүй бол QR@gov.mn гэсэн имэйл хаяг руу хүсэлт явуулж зөвшөөрөл авна. Дараа нь smartcar.mn сайтад хандан QR кодоо хэвлэж авна гэж УОК-оос мэдээлсэн.

Гэвч зохицуулалт ажил хэрэг болоход цөөнгүй зөрчил гарсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өнөөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Өмнө нь бий болгосон дата баазыг үндэслэн 41.500 тээврийн хэрэгслийн зорчих QR код эрхийг сэргээнэ. Одоогийн байдлаар 40.000 гаруй тээврийн хэрэгслийн QR код эрх сэргээгдсэн байна.

Гурван чиглэлийн байгууллагын тээврийн хэрэгслийн тоог огт хязгаарлаагүй.

QR кодоор, дээрээс нь цагийн зохицуулалттай зорчуулж буй нь энэ удаагийн хөл хорионы гол ялгаа. Шинээр цагийн зохицуулалт хийсэн учраас зарим талаараа үл ойлголцол гарч байна. Илүү сайжруулах шаардлагууд гарч байна.

Шуурхай штаб QR@gov.mn гэсэн имэйл хаягаар иргэдийн санал, хүсэлтийг 08:00-21:00 цаг хүртэл авч байгаа. Одоогоор 15.000 орчим санал ирсэн байна. Санал хүсэлтийг хүлээн авч, нэгтгэж, шийдвэрлэхээр 4 баг бүхий 24 хүн ажиллаж буй.

Цагийн хязгаарлалттай холбоотойгоор эмнэлгийн байгууллага, ажилчдад зөрчил үүсэж байна. Гэхдээ тухайн эмнэлгийн байгууллага дээр бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг цагийн хязгаарлалтад оруулахгүй гэж зохицуулсан. Харин эмнэлгийн байгууллагын ажилтан бүхий хувь хүний нэр дээрх автомашиныг цагийн зохицуулалтад оруулсан. Энэ нь олон шүүмжтэй тулгарч буй учир өнөөдөр энэ тал дээр зарим өөрчлөлтийг хийнэ" хэмээлээ.