Үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагын ажилчид QR кодоор автомашинтай хөдөлгөөнд оролцох талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хөл хориог сунгасан 14 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг илүү хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр УОК төлөвлөсөн. 

Тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулах журам хэрэгжсэнээр ойролцоогоор 41.593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор байна. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцоно.

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлана. 

Өөрөөр хэлбэл, төр, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг хамгийн бага түвшинд хүртэл зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайд, эсхүл нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.

Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй буюу ажиллахыг зөвшөөрсөн байгууллагуудаас өвөл цуглуулсан мэдээлэлд үндэслэж, шууд QR код олгоно. Эдгээр байгууллага автомашиныхаа дугаарыг smartcar.mn системд оруулаад хүсэлт явуулмагц шинэ QR код олгогдохоор зохицуулсан байгаа.

Яаралтай тусламжийн төвийн бүх хүчин чадлыг дайчлан ажиллуулж, иргэдээс ирүүлж буй яаралтай дуудлагын дагуу цаг алдалгүй өөрсдийн машинаар үйлчлэхээр зохион байгуулсан.

Бусад иргэн, ААН-д QR код олгох тухай асуудал яригдахгүй. Өмнө нь хүнсний жижиг дэлгүүр 2-3 машинаар татан авалт хийнэ гэж QR код авсан байсан. Одоо зөвхөн нэг машинд QR код олгоно. Том супермаркетууд зөвхөн компанийн машиндаа QR код авч, хүргэлт, түгээлт хийнэ" хэмээлээ.

QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчих аж. Нийтээр тээврийн автобус ч уг цагийн хуваариар үйлчилнэ.