УОК: Вакцинжуулалтыг зогсоох ЭМЯ-ны зөвлөмжийг дагасан, вакцины нөөц байгаа

Б.Баясгалан
04 сарын 10, 2021

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатарт өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 15 хоног хатуу хөл хорио тогтоов. Энэ хугацаан дахь зохицуулалт болон холбогдох бусад асуудлаар Засгийн газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Хатуу хөл тогтоож вакцинжуулалтыг хоёр дахин эрчимжүүлнэ гэж өмнө нь мэдэгдсэн ч өчигдөр гэнэт вакцинжуулалтыг зогсоолоо гэж мэдээлсэн нь олны анхаарал татаад буй юм.

Мэдээллийн үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Өнгөрсөн хугацаанд салбарын яамнаас санал гаргасан ч Засгийн газар иргэд, ААН-үүдийн дэмжлэгтэйгээр хатуу хөл хорио тогтоохгүй байх зорилго тавьж ажилласан. Харамсалтай нь цаг үеийн нөхцөл байдлын улмаас тархалт эрчимжиж, тохиолдлын тоо нэмэгдэж, бусад эрсдэл бий болж байгаа учир 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо. 

Хатуу хөл хориог:

  1. Тархалтын тоог бууруулах
  2. Вакцинжуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх
  3. Хөл хорио тогтоосноос хойш дахин халдварын дэгдэлт бий болгохгүй байх тал дээр бүхий л нөхцөл бололцоог хангах зорилгоор тогтоосон.

Иймд иргэдээсээ төр засгийн шийдвэрийг мөрдөж, хөл хорионы хугацааг үр дүнтэй өнгөрөөхийг хүсэж байна. 

Хөл хорионы үед вакцинжуулалтыг хийж болохгүй гэсэн Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцинжуулах ажил төлөвлөгөөний дагуу явж буй. Вакцины нөөц тасраагүй. 

Өнөөдрийн байдлаар 192.000 тун вакцины нөөц байна. Улаанбаатарт болон 19 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн учир хөл хорионы үеэр вакцинжуулалтыг үргэлжлүүлэх нь коронавирусийн дэгдэлтийг улам нэмэгдүүлнэ. Өдөрт багадаа 100-150 мянган иргэн вакцинд хамрагдах учир хөл хорионы ач холбогдол үгүй болно гэж үзсэн. Бүгд 15 хоног ажил бизнесээ зогсоож, хөл хорио тогтоочихоод үр дүнгүй байлгаж болохгүй. Ийм эрх ч төр засагт байхгүй учир вакцинжуулалтыг зогсоохоор шийдвэрлэсэн.

Коронавирусийн вакцины эхний тунгаа хийлгэсэн 864 иргэн халдвар авсан байна. Энэ сарын 25-наас вакцинжуулалтаа эрчимжүүлнэ" хэмээлээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.