УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар ОУПХ-оос Монгол Улсад 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан талаарх тайланд дурдсан дүгнэлт зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ж.Батзандан гишүүн "Түр хорооны гишүүд болох бид гурав өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ Түр хорооны гишүүдэд өнгөрсөн 9 дүгээр сарын 06-нд явуулжээ. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс Түр хорооны гишүүдээс нэг сар нуусан байна. Гурав хоногийн өмнө тус хэлтсийн дарга солигдож, шинэ дарга орсноор олон улсын шинжээчдийн энэ дүгнэлт бидний гар дээр ирлээ. 

Бид энэ мэдээллийг аваад, танилцах хооронд хулгайгаа нуудаг аргаараа төрийн нууцын тамга дарчихаж. И-мэйлээр бидэнд ирсэн захианд нууцын тамга дарчихсан байна. Сая Түр хороо хуралдахад энд нууц зүйл нэг ч алга. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 3 хүн ял авсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Тухайн хавтаст хэргийн материалын 98 хувийг Засгийн газар нууцаас гаргасан. Тэр материалтай холбоотой Олон улсын парламетын холбоо дүгнэлт гаргаад бидэнд явуулсныг нь бас нууцалчихсан байна. Ингэж болохгүй. Хууль хяналтын байгууллагынхан 30 жил ард түмнээс хууль бус үйл ажиллагагааа нууцалсан. Одоо хангалттай. Ингээд Түр хорооны гурван гишүүн нууц задлахаар ирлээ. МАНАН-гийнхан нууж тоглодог юм байна. Тэгвэл МАНАН-тай тэмцэгчид ил болгож тоглоно, тэмцэнэ. 

Л.Болд бид хоёрт нууц задалсан асуудлаар хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролдсон. Одоо хууль бусаар нууцад авсан энэ материалыг уншиж танилцуулъя, тэгээд шоронд явах ёстой бол явъя" хэмээв.

Үргэлжлүүлэн тэрээр "Ирүүлсэн дүгнэлтэд олон зүйл байгаа учир голлох зүйлийг нь товчоор хүргэе.

Дүгнэлт, зөвлөмж 64-т Түр хорооны чиг үүргийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Түр хороонд шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь өгөхгүй байгаад ОУПХ санаа зовж буй бөгөөд өнөөдрийг хүртэл 3 шатны шүүхийн шийдвэрийг яллагдагчид, хүний эрхийн байгууллага, хүний эрхийн комисс, түр хорооноос нууж байгаа нь хууль зөрчиж байна гэсэн байна.

Дүгнэлт, зөвлөмж 65-д ОУПХ-ны ттөлөөлөгчид Монгол Улсын төрийн өндөрлөгүүдтэй уулзлаа. Бүгд эрүүдэн шүүлт, хууль бус шүүхийн шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бүгд хүлээн зөвшөөрсөн хэрнээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахгүй байгаа шалтгааныг ОУПХ ойлгохгүй байна гэсэн байна.

Дүгнэлт, зөвлөмж 66-д Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах нь эрүүдэн шүүсэн шийдвэрээс үл хамаарах ёстой гэжээ" хэмээн мэдээллээ.

Дүгнэлт зөвлөмжид:

1. Захиалагчийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, 3 ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна гэж үзсэн.

2. Түр хорооноос хэрэгт холбогдолтой, бичиг баримттай танилцах боломжоор хангагдахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.

3. Тагнуул 3 ялтныг зохиомол хэрэгт тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

4. Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

5. Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.

6. С.Зоригийн гэр бүл, өмгөөлөгчид, Түр хороонд 3 шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.

7. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголыг эрх баригчдад уриалсан байна.

8. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзсэн байна.

9. 2019.10.13-17-ны хооронд Белград хотод ОУПХ-ны 141-р чуулганд Түр хорооноос ирүүлэх тайланг хэлэлцэнэ. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5-7-ны өдрүүдэд ажилласан тайланг УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариу өгөх хугацаа хэтэрсэн ноцтой алдаа гарсанд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна хэмээсэн байна. Мөн Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргалаа