УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа хэлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр улс оронд тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олны санаа бодлыг зовоож буй асуудлуудыг УИХ, Байнгын хороо дээр зайлшгүй ярилцах шаардлагатай гэсэн саналтай байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итэж байсан байх. Тэгээд Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна. Хүлээлт их байна. Өөрчлөлтийн салхи мэдрэгдэхгүй, бүр гөлийчихлөө гэж орон нутгаар явахад иргэд хэлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. "Наад архидалтаа болиоч" гэж хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүд ордноор архи уугаад яваад байна гэсэн мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна. М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад бүгдээрээ огцруулсан. Одоо УИХ-ын үйл ажиллагаа яаж сайжирсан юм. Үүнийгээ яръя. 

Нийгэмд тулгамдаад буй өр зээлийн асуудал, бухимдал үүсгээд буй зөрчил, эрүүгийн хууль, сүрьеэ өвчний асуудал, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн асуудлыг одоо яръя. Засгийн газрын холбогдох хүмүүсийг дуудаад ямар шийдэл гаргаж буйг яръя. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийг нь хэлье. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. 

МАНАН-гийн зарим даргыг огцруулсан. Гэвч сайжирсан юм алга. УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд санаачилгатай ажилла."Өнөөдөр УИХ дээр өдөр өнжүүлэх шиг жижиг зүйлс ярьж байгаад ажлын цаг дуусч байна" хэмээлээ.

Чуулганыг дүрс бичлэгээр шууд дамжуулж байна.