Х.Оргил
09 сарын 01, 2020
МҮХАҮТ үндэсний үйлдвэрлэгч экспортлогчдыг дэмжих үүднээс Европын зах зээлтэй эрчимтэй ажиллаж байна.
Энд Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн үйл ажиллагаа орно. Мөн “Берлин дэх Монголын Мэдээлэл худалдааг дэмжих Европын төв” байгуулаад буйг хэлж болно.
Эдгээр байгууллагатай Монголын байгалийн түүхий эдээс гаралтэй органик бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад идэвхтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа нь Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан 2018-2022 онд хэрэгжиж буй Экспортыг дэмжих хөтөлбөртэй уялдан явагдаж байна.
Хөтөлбөрийг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Евро танхим хамтарч хийсэн судалгаагаар Монголын үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл олгох, үүний тулд экспортын зээлийн баталгаа болон даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь гарсан юм. Энэ талаар саяхан болсон хоёр талын хэлэлцүүлгээр хөндөв.
"Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны дүнд тулгуурласан гарц, экспортод чиглэсэн холбогдох дэд бүтцийг бий болгох арга хэмжээ, шаардлагатай дэмжлэгийн талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт, ГХЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, МҮХАҮТ, дотоодын болон олон улсын арилжааны банкууд, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн багийн нийт 20 гаруй төлөөлөгч, мөн судалгаанд оролцсон мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.