МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай чухал асуудлууд, хоёрдугаарт коронавирустэй холбоотой бие даасан хууль гаргах талаар, гуравдугаар, ноолуур, ЖДҮ, үр тариа зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Хаврын чуулган эхлээд хоёр долоо хонож байна. Энэ жил сонгуулийн жил учраас 5 дугаар сард нэлээд идэвхтэй хуралдах шаардлага үүсч байна. Шинэ парламент ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон байх шаардлагатай нийт 40 гаруй хууль бий. Тэдгээрийн 10-ыг нь энэ хавар хэлэлцэж батлах шаардлагатай. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ парламент УИХын тухай шинэ хуулиар явах ёстой. Эдгээр 10 хуулийг ирэх сард багтаан хэлэлцэж дуусгахаар тогтлоо. Сонгуультай учир бид 4-6 долоо хоног хуралдах боломж байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "УИХ-аас өгсөн үүргийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг гаргаж байна. Энэ хууль ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу хорио цээр цуцлагдсан өдрийн 00 цагт хүчингүй болно.

Тус хуулиар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Гол зорилго бол Засгийн газарт санхүүгийн болоод зохион байгуулалтын үйл ажиллагааны онцгой эрхүүд олгогдоно. Нөгөө талаар холбогдох яам, албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болно. Мөн төрийн тусгай чиг үүрэг бүхий вирусийн голомтод ажиллж буй тангараг өргөж, мөрдөс зүүсэн албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах, тэдэнд зориулсан урамшууллын төслүүд орсон байгаа. 

Улмаар сонгуулиа бид тайван явуулах, ялангуяа улс дотроо коронавирусийг алдаагүй байгаа нөхцөл байдлаа хадгалж үлдэхэд энэ хууль нэлээд том үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Тус хуулийг энэ долоо хоногт багтаан онцгой горимоор хэлэлцэн батлахыг МАН-ын бүлэг дэмжлээ" хэмээлээ.

Мөн тэрээр "Уг хуультай холбоотойгоор эрүүгийн болон зөрчлийн хуулиудад өөрчлөлт орсон. Чангатгах, торгох нэгжийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Шаардлагатай бол баривчлах, эрхийг нь хязгаарлах зохицуулалт орсон Энэ бүхэн нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдалтай холбоотойгоор гарч ирж байна. Зарим нөхцөлд яаж шийтгэх зэрэг асуудал дутуу байгаа. Зарим тохиолдол зөрчлийн шийтгэл дэндүү бага дүнтэй байгаа учир иргэд үл тоох, шаардлага биелүүлэхгүй, гэртээ тусгаарлагдах хугацаагаа биелүүлэхгүй байх, олон нийтийн газраар явах зэргээр санаатайгаар бусдад халдвар тараах зөрчил үүсч байна. Иймд зөрчлийн хуулийг чангатгаж, торгуулийн хэмжээг өндөрсгөж, эрүүгийн хуулиар баривчлах асуудлыг оруулсан. Бид хуулийг улам боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх ёстой" гэдгийг онцлон хэллээ.