УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг өөрчилнө хэмээн мэдэгдлээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон миний бие Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүллээ.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон.

Энэхүү заалт нь цагийн хязгааргүй, эрсдэлтэй нөхцөлд байнгын бэлэн байдалд ажилладаг салбарын алба хаагчид 2019 оноос цэргийн тэтгэврээ тогтоолгоход эдийн засгийн хувьд хохиролтой тусч байгаа юм.

Жишээ нь, Ахлагчийн цалин нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерынх 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерынх 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байна.

Тиймээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан.

Хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна цагдаа, тагнуул, онцгой байдал, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ зэрэг байгууллагын олон мянган алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой юм" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Манай цэрэг, цагдаа, онцгой гээд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид дандаа тушаалаар ажилладаг хүмүүс. Халуунд халж, хүйтэнд хөрч амь биe, ар гэр, амин хувиа бодохгүй зүтгэхдээ өргөсөн тангарагтаа үнэнчээр явснаас бус элдэв тайлбар тавьж шалтаг тоочсон удаагүй. 2019 оноос хэрэгжих Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэдний сард авах тэтгэвэр тэтгэмж 30.000-70.000 төгрөгөөр буурахаар болсныг засах хуулийн төслийг Ж.Энхбаяр гишүүний хамт санаачлан боловсрууллаа. Төр цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, онцгой байдлын алба хаагчдынхаа эрх зүйн байдлыг дордуулах биш харин ч додомдон тордох ёстой гэж би санадаг. Иймд энэ хуулийг хурдан батлуулахын төлөө зүтгэх болно" хэмээсэн байна.