Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй

Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб энэ удаа “Өглөөний цагийг өөртөө” уулзалтдаа УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг урьж боловсролын салбарт тулгамдсан асуудлууд ба шийдлүүд сэдвээр ярилцлаа.

Тэрбээр боловсролын чанараа л сайжруулж байж улс орон урагшилдаг учраас хөрөнгө оруулалтыг Мега төслийн хэмжээнд авч үзэх цаг нь болсныг, судалгааны үндсэн дээр салбартаа хөрөнгө оруулалтыг хийх шаардлага тулгарсныг онцлон хэлэв.

Өнөөдөр манай улсын барилгын норм дүрэмд нэг анги 30-аас бага сурагчтай байхаар тооцсон байдаг. Гэтэл 40-өөс дээш сурагчтай анги нийт сурагчдын гуравны нэг хувь нь суралцаж байгаа билээ. Сургууль ч, багш нар ч ачааллаа дийлэхээ байсан ийм хүнд нөхцөлтэй сургуулиудын асуудлыг хэрхэн шийдэх талаар сэтгүүлчид асуухад чанартай сургалт явуулах нөхцөл буюу сургуулийн анхдагч хэрэгцээ ч бүрдэхгүй байгаа гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байхад сургалтын чанарын талаар ярих боломжгүй. Гэтэл нэг гараанаас эхэлсэн шахуу Казахстан улсад жилд 240 сургууль барих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж 100 гаруйг нь барьчхаад байна шүү. Бид саяхан очиж туршлага судлаад ирлээ. Тэнд нэг ангид хамгийн дээд тал нь 35 хүүхэдтэй суралцаж байна. Гэтэл манайд 60-аад хүүхэд чихэлдээд суудаг ангиуд ч цөөнгүй бий. 

Уг нь нэг сургуулийг дээд тал нь 1400-аас ихгүй хүүхэдтэй байхаар барилгаа барьдаг стандарттай. Гэтэл ихэнх нь даац хэтэрчихлээ. Бүр 6000 дээш хүүхэдтэй хоёр сургууль байна. 

Үүний нэг болох 14 дүгээр сургуультай очиж танилцсан. Шатаар нь явахад хүүхдүүдтэй чихэлдсэн дүр зураг харагдана. Өглөө Токиогийн метронд суух гээд урдаас тээглэж, араасаа түлхүүлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ариун цэврийн өрөө нь хүрэлцэхгүй гадаа хүүхдүүд бие засах гээд урт дараалал үүсгэсэн харагдсан. Бага ангийн хүүхдэд тэнд бие засаж чадахгүй зогсож байгаа юм. Сургуулийн спорт зааланд дөрвөн анги нэг зэрэг биеийн тамирын хичээл орж байгаа хүндхэн дүр зурагтай. Сургуулийнх нь нэг бүлэг дунджаар 50 гаруй хүүхэдтэй. 

Нийт 200 гаруй хүүхэд нэг спорт зааланд хичээллэнэ гэхээр дасгал хөдөлгөөн хийх, гүйж харайх, тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм сургуульд хичээлд суух таатай хүсэл хүүхдэд яаж төрөх вэ. Тиймээс л юун түрүүнд хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ойрын үед 152,700 сурагчийн 157 ЕБС яаралтай барих хэрэгтэй байна. Энэ бол боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш  чухал байгааг илэрхийлэх тоонууд тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.” гэлээ. 

Мөн багшийн хомсдол, боловсон хүчний асуудлыг шийдэхийн тулд “Шилдэг төгсөгч багш” хэмээх хөтөлбөрийг боловсруулж байгаа ажээ. 

Энэ тухайд “Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан хүүхдийг шилдэг төгсөгч гэж үзнэ. Ийм хүүхэд багш болбол төр амлалт өгөх ёстой. Сайн  эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. 600-аас дээш оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсвэл төлбөрийг нь 100 хувь даахаас гадна сар бүр тэтгэлэг өгье. Илүү өндөр оноо авсан хүүхэд багш болох тусам улам сайн нөхцөл санал болгох хэрэгтэй. 

Боловсролын зээлийн сангаас тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгоё. Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт авсаныхаа төлөө орон нутагтайгаа гэрээ байгуулна. 

Төгсөөд гэрээний дагуу сум, орон нутагтаа очиж багшилна. Хэрэв байгуулсан гэрээнийхээ дагуу сум, орон нутагтаа очиж ажиллахгүй бол Боловсролын зээлийн санд тэтгэлгээ буцааж төлөх зохицуулалт хийе. Сургуулиа төгсөөд багшлахаар очиход үед шууд тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлье.” гэв.


Цаашид багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа дээр казахстаны жишээ татаж байв. Тус улсад төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн өндөр цалинтайд багшийн ажил тооцогддог болсон байна. Энэ хэрээрээ өрсөлдөөн нэмэгдэж, багшаар ажиллах сонирхолтой оюутнуудын тоо нэмэгджээ.

Бидний мэдэх өндөр хөгжсөн улс орнууд боловсролын салбарт зарцуулах зардлаа танах бус үргэлж нэмэгдүүлэх бодлого барьж иржээ. Түүний саяхан ажиллаад ирсэн Казахстан улсад гэхэд ямар ч хүнд хэцүү нөхцөлд боловсролын зардлаа танаагүй аж. 

Тухайлбал, Ковидын үед бүх салбарын төсөв танагдахад зөвхөн боловсролын салбарт гар хүрээгүй байна. Сүүлийн 2-3 жилд боловсролд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалт эрс өссөнийг статистик тоо баримтуудаас нь харж болно. 2022 онд 3.9 их наяд тэнге байсныг энэ онд 5.1 их наяд болгожээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь тасралтгүй нэмэгдсээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах боловсролоо тэргүүн зэрэгт тавьж буй энэхүү жишээг манай улсын суралцах ёстой хамгийн гол  зүйл гэж тодотголоо.

Гол нь сайн багш бэлтгэхийн тулд, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй. Эдгээр нь тогтоол шийдвэрүүд гаргуулж байж л хэрэгжиж өөрчлөлт бий болно гэлээ.

Холбоотой сэдвүүд

боловсрол ж.галбадрах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.