Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 11, 2017
Энэ жил Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг "Ажлын байран дахь сэтгэл гутрал-Хамтдаа ярилцъя” уриан доор тэмдэглэж байна. Энэ асуудлаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч сэтгэл зүйч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Хүн өөрийгөө ажлын байрны стресст орчихсон гэдгээ яаж мэдэх вэ?
-Хүмүүс ихэвчлэн өөрийгөө ажлын байран дахь сэтгэл гутралд орчихсон яваагаа анзаардаггүй эсвэл хамт олондоо гаргаад хэлчихээр бусад нь зай барьж айж эмээх зэргээр ялгаварлан гадуурхах нь бий. Уг нь сэтгэцийн эмгэг бол гаднаас харагдахгүй байгаа болохоос ямар нэгэн зүйлээс унаж хальтираад хөл гараа гэмтээхтэй ижил. Хүнд сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд салшгүй холбоотой учраас. Эрүүл хүн юунд ч түүртдэггүй, хийх ёстой ажлаа цаг тухайд нь амжуулдаг. Харин ажлын хэт ачаалал өгөөд ирэхээр дарамтанд орж хямрах шинж тэмдэг илэрнэ. Ингэснээр ажлын үр бүтээмж муудна, нойргүйднэ цаашлаад сэтгэл дундуур болж өөрийгөө ч ойлгохоо больдог. Ийм хүмүүстэй уулзахад андашгүй эвшээгээд цаанаа л нэг сулбагар байдаг. Эрүүл бас сэтгэл зүйн эмгэгтэй хоёрын зааг энэ үе дээрээ сэтгэл зүйчид хандахгүй бол сэтгэл санаанаас үүдэлтэй бие махбодийн өвчинд өртдөг.
-Хамгийн энгийнээр яаж сэтгэл зүйн эмгэгээс сэргийлэх вэ?
-Хүмүүс би завгүй байгаа учраас амарч чадахгүй байна гэдэг. Хэрэв тухайн хүн цаг хугацаагаа сайтар төлөвлөдөг, өдөр тутамдаа шинийг эрэлхийлж, идэвхтэй хэв маягаар амьдарч сурвал сэтгэцийн эмгэгт өртөхгүй. Ямар ч ажил хийсэн түүнийгээ сонирхолтой байлгаж чадах нь чухал. Жишээлбэл спортоор хичээллэдэг хүн сэтгэцийн эмгэгт өртөх магадлал бага. Эсвэл цэвэр агаарт гарч байгалийн сайхныг мэдэрч, алхаж найз нөхөдтэйгээ ярилцаж болно. Энэ мэтээр өөрөө өөртөө сонирхолтой хэлбэрээр цаг гарга. Хүн гүйж харайж байхдаа ядардаг ч оюун санаагаа маш сайн амрааж чаддаг. Нэгэнт өөрийгөө сэргээх аргаа мэдчихсэн бол долоо хоног тутмын төлөвлөгөөндөө түүнийгээ оруулчих хэрэгтэй.
-Сэтгэл зүйн хямралд хувь хүний зан чанар нөлөөлөх үү?
-Хүний темпраментүүд бүгд өөрийн онцлогтой болохоос давуу сул тал гэж байдаггүй. Тэгэхээр зан чанараас илүүтэй хувь хүний хандлага, амьдралын хэв маяг хамгийн их нөлөөлдөг. Зөв идэвхтэй амьдралын хэв маяг хүний сэтгэл зүйг эмчлээд яваад байдаг.
-Сэтгэл зүйн хямрал хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүн нэг минут хямраад эргэж тайван байдалд орохын тулд 20 минут зарцуулдаг.
-Тэгвэл гаргалгаа нь юу байх ёстой вэ?
-Зарим хүмүүс асуудлаа шийдэхгүй зугатаагаад байдаг. Гэтэл асуудал нь араас нь дагасаар улам томорсоор явдаг. Уг нь зогсоод алдаж онодог аль нь ч бай асуудалтайгаа нүүр тулаад шийдээд сурчих хэрэгтэй. Бас нэг манайхны анзаарагддаг зүйл бол ажил дээрээ гаргасан асуудлаа хувь хүний зан чанартай холбож ойлгоод байдаг. Ажлаас болж ам мурийсан тохиолдолд захирал Батаа Цэцгээ дээр биш тухайн гарсан асуудал дээрээ төвлөрөх ёстой. Дараа нь ойлголцож асуудлыг тэнцвэртэй шийддэг байх хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйчийн зүгээс зөвлөнө.
-Шархадны гэгддэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ шалтгаанаар хэр их хүн хандаж байна вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн тасаг гэж бий. Манайхны нэрлэдэгээр архаг ядаргааны тасаг, бие болоод сэтгэл зүйн ядаргаанд орсон хүмүүс голдуу хэвтдэг. Энэ тасагт ихэвчлэн ажлын хэт ачаалал, дарамтанд орсон хүмүүс хэдэн зуугаараа дугаарлан хэвтэж эмчлүүлж байна. Манай эмнэлэгт физик, эмийн, сэтгэлзүйн гэсэн гурван эмчилгээ хийлгэдэг. Ихэнх нь ажил амралт байхгүй ажилласан гэдэг үндсэн ганц тайлбартай. Эмчилгээнд орчихоор хүмүүс нүд нь сэргээд л ирдэг. Гарахдаа одоо ч ажлыг маналзуулаад өгнө дөө гэдэг юм. Үнэндээ шууд л дайраад маналзуулаад эхэлж бас болдоггүй. Ажил амьдрал, эрүүл мэндээ зохицуулахгүй бол жилийн дараа эргээд л хэвтэх гээд хүрээд ирдэг юм.
-Сүүлийн үед стресст орсон хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу эсвэл?
-Манай төвийн сүүлд хийсэн судалгаагаар стресстэй холбоотой эмгэг 1990 онтой харьцуулахад арав дахин нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан. Стресст орсон хүмүүс юманд хэт мэдрэг болчихдог. Энгийн үед анзаардаггүй гэрэл хурц санагдана, зурагтны дуу чимээнд түүртэнэ, унтсан ч амраагүй юм шиг сэрнэ. Хамгийн гол нь өчүүхэн төдий зүйл дээр уурлаж бухимдаж эхэлдэг. Хэт ачаалалтай хүмүүст шөнийн 12 цагаас хойш битгий ажиллаарай гэж зөвлөмөөр санагддаг. Шөнийн нойрыг 6-8 цаг авчихаад байхад ядрах мэдрэмж төрөхгүй. Хэвтэн эмчлүүлдэг хүмүүсээс хэзээ спортоор хичээллэж байсан бэ гэж асуухаар арван жилийн өмнө гэх нь энүүхэнд. Спортоор хичээллэнэ дээ гэж бодохоос илүүтэй төлөвлөх хэрэгтэй.
Намайг дунд сургуульд сурч байхад хүүхдүүд хичээлээ хийгээд олон цаг суулаа, нойргүй хонолоо гэвэл ямар мундаг юм бэ гэж боддог байлаа. Харин одоо эсрэгээрээ. Өдөртөө багтааж ажлаа хийж чадаагүй цагийн менежмент муутай нэгэн байна даа л гэж дүгнэнэ. Хөндлөнгөөс харсан хүн ингэж л болохгүй юм шүү гэж бодох жишээний. Ажлын байран дээр ч адилхан ингэж стресс, хэт ачаалал авахгүйн тулд цагийн менежментээ сайн хийж сурах хэрэгтэй.
-Ямар мэргэжлийн хүмүүс их хандаж байна?
-Бүх төрлийн мэргэжлийн хүмүүс ханддаг. Тэр дундаа хувиараа бизнес эрхлэгчид, бага ангийн багш, нягтлан бодогч хүмүүс нэлээд бий. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд бүх ажлаа өөрөө зохицуулдаг учраас хэт ачааллаас болоод сэтгэцийн эмгэгт өртөх магадлалтай нь анзаарагддаг. Анзаараад байхад ажлын байрны сэтгэл гутрал ажилдаа бас хүндээ биш ажлаа яаж хийж байгаа тухайн хүний арга барилаас хамгийн их шалтгаалдаг. Ажилдаа сэтгэл ханамжтай байж гараас нь үр бүтээмжтэй юм гарна шүү дээ.
-Сэтгэл гутрал, зөрчилөө хэрхэн даван туулах ёстой вэ?
-Хүн ажлын байран дээрх дадал зуршилаа өөрчилнө гэдэг шууд шийдээд хийчихдэг зүйл биш. Өөрийгөө өөрчлөх дадал зуршил бий болгохын тулд хүн цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн энгийн арга бол хувийн дэвтэр нээх. Гэхдээ энэ дэвтрийг өдрийн тэмдэглэл болон хийх ажлын жагсаалттайгаа хольж болохгүй. Хувийн дэвтэр дээрээ яаж ажлаа ядрахгүйгээр хүртээмжтэй сайн хийх вэ гэсэн асуулт тавиад бодож эргэцүүлээд бичнэ. Ингээд нэг асуултаас хариулт олоод түүнийхээ араас асууж өөртөө хариулаарай. Нэг ёсны өөрөө өөртэйгээ ажиллаж байгаа хэрэг. Тэр дэвтэр чинь эргээд харахад ажлаа ямаршуухан хийж байгааг, асуудал нь яг хаана байгааг олж харахад чинь тусална. Магадгүй тухайн долоо хоног өөртөө цаг зарцуулаагүй, спортоор хичээллээгүй байна гэдгээ эндээс харах боломжтой. Бас ямар их ажил амжуулсанаа хараад хүн өөртөө байгаа олон боломжоо, сайн сайхан зан чанаруудаа олж хардаг. Ингэж өөрийнхөө асуудлыг олж харж шийдэж байж бусдад туслах хүч тэнхээ авна. Зарим хүмүүсийг анзаарч байхад өөрөө түмэн асуудалтай хэрнээ бусдад тусална гэдэг. Энэ худлаа шүү, өөрийнхөө учрыг олоогүй байж өрөөл бусдад туслах боломж хомс. Бас спортоор хичээллэх хэрэгтэй.
-Та спортыг нэлээн хэд дурьдлаа?
-Хүний оюуны бүтээмж бие махбодитой салшгүй холбоотой учраас спортоор хичээллэх нь стрессээс ангижрахад тустай. Хүмүүсийг өөртөө цаг зарцуул, спортоор хичээллэ гэхээр дэндүү олон босгыг өөртөө тавьчихдаг. Гүйлтийн сайн пүүз авна, үнэтэй фитнес төвд явна гэсээр хойшлуулдаг. Уг нь шийдвэр гаргаад өөрт ойрхон фитнес төвөөрөө үйлчлүүлэхэд л болно. Хүний амьдралыг хоолны жор гээд төсөөлье л дөө. Тэгвэл тэр олон жор болох спорт, ном, аялал, хоббиноос хүн хүссэнээрээ сонгож амьдралаа сонирхолтой болгож болно.
Үргэлж “унтлаа, сэрлээ, ажилдаа явлаа” гэсэн нэг жор, циклээсээ гарахыг эрмэлздэг байх хэрэгтэй. Гэхдээ огцом үсэрч гарч болохгүй. Маш сайн бодож тунгааж байж өөрийнхөө амьдралыг өнгөтэй, өөдрөг болгох жорыг сонгох нь чухал. Толгойгоороо дүүрэн “...тэгэх юмсан” гэсэн бодлоор амьдралаа өнгөрөөхөд цаг хугацаа хайран. Шинэ ном авсан хүний 70 хувь нь эхний 15 хуудсыг л уншдаг гэсэн судалгаа байдаг. Шалтгаан нь энгийн, унших цаг хугацаа алга гэдэг. Тэгвэл яагаад банкинд дугаарлаж суухдаа уншина гээд номоо цүнхэлчихэж болно шүү дээ.
-Хүний ярих хэрэгцээ сэтгэл зүйд хамгийн чухал гэж сонссон?
-Ходоодны хэрэгцээ хоол, харин сэтгэл зүйн хэрэгцээ ярих. Тийм учраас хүмүүс хов базаж суулаа гэж ярьдаг. Энэ нь заавал хэн нэгнээ муулахаас илүүтэй сэтгэл санаагаа уудлах нэг хэлбэр. Магадгүй тухайн асуудлаар ярилцах боломжгүй бол бас нэг арга санал болгомоор байна. Та цаас аваад сэтгэлдээ байгаа бүх таагүй дурсамжаа бичээд үзээрэй. Гомдож яваа хүн тань таны бичсэн үгсийг олж харахгүй учраас айж ичилгүйгээр сэтгэл дотроо онгойлгон бич. Таагүй зүйлс бичсэн тэр цаасаа шатаах эсвэл урах арга хүнийг маш сайн тайвруулдаг. Хүнтэй ярилцсан мэт дотор онгойлгох шидтэй. Магадгүй хэсэг хугацааны дараа асуудал гарч ирвэл мөн л энэ аргаа хэрэглэж болно.
-Ухаалаг технологи бидний сэтгэл зүйд хэр нөлөөлж байна вэ?
-Компьютер гар утас бидэнд асар их боломж, давуу тал авчирч байна. Харин хэрэглээг нь хүмүүс өөрсдөө зохицуулж хэрэглэх нь чухал. Хэрэв хэт удаан хугацаагаар утсаа оролддог зуршилтай бол тархинд сэтгэцийн эмгэгийн шар гэрэл асчихаад явж байна гэж ойлгож болно.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.